“Ковид-19”-ын үед ч ялгаагүй нийслэлийн хэмжээнд Сүхбаатар, Баянзүрх, Дүнжингарав цус цуглуулах төв ажлын таван өдөрт 08:30-14:00 цаг хүртэл хэвийн горимоор ажиллаж байна. Тус төвүүдэд 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Харин элэгний В, C вирус, сүрьеэ, ДОХ, тэмбүүгээр нэг удаа өвчилж байсан бол цусаа бэлэглэх боломжгүй гэдэг. Түүнчлэн эмчийн хяналтад байдаг суурь болон архаг өвчтэй хүмүүс, сүүлийн нэг жилийн хугацаанд том мэс ажилбарт ороогүй байх, жижиг мэс ажилбарт орсон бол зургаан сарын дараа, антибиотик эм тариа хэрэглэж байгаа бол 14 хоногийн дараа, шүдээ авахуулсан бол нэг сарын дараа түр хойшлуулж цусаа өгдөг. Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн хувьд ч цус өгөхийг 14 хоногоор хойшлуулахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Ингэснээр цусны нөөц түр хугацаанд буурах эрсдэл үүсээд байгаа талаар “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өссөн. Энэ үед “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал цус, цусан бүтээгдэхүүний нөөцөд хэр нөлөөлж байгаа вэ?
-Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний захиалга жилээс жилд өсөж байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн улсын хэмжээний үйлдвэрлэлийг аваад үзэхээр 2016 онд 82 мянга орчим нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2020 оны жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэл 100 мянган нэгж болж өссөн. Таван жилийн хугацаанд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ 20 гаруй хувиар өссөн байгаа юм. Бид цус, цусан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг судлахад 2021-2030 он гэхэд дахин 20 гаруй хувиар өснө гэж тооцоо гарсан. Иймээс цус цуглуулалтыг нэмэх зайлшгүй шаардлага бий болж байна. Цус цуглуулах үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу жил бүр явж байгаа боловч 2020, 2021 оны хувьд цар тахлын нөхцөл байдал, дөрвөн удаагийн хөл хорио, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор цус цуглуулалт 31-32 хувиар буураад байна. Энэ нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцөд маш ихээр нөлөөлж байгаа юм.
-Бүхэл цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг гэсэн. Эдгээр бүтээгдэхүүний нөөц хүрэлцээтэй байна уу?
-Бүхэл цуснаас сийвэнгийн бүтээгдэхүүн, улаан эсийн бүтээгдэхүүн, ялтаст эсийн бүтээгдэхүүн хийдэг. Үүнээс улаан эсийн бүтээгдэхүүний 5-7 хоногийн нөөцтэй байна. Ердийн үед 21 хоногийн нөөц үүсгэдэг учраас энэ их багассан үзүүлэлт. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг 3-7 хоног хадгалдаг учраас нөөц үүсгэдэггүй. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг тав хүртэлх жил хадгалдаг учраас нэг хүртэлх жилийн нөөц бүрдүүлсэн байсан.
-Хөл хорио, цар тахалтай холбоотойгоор эмнэлгүүдийн цусны бүтээгдэхүүний захиалга буураагүй юу?
-Эмнэлгүүдийн захиалга төдийлөн буурахгүй байгаа. Хөл хорионы үед 8-10 хувьтай буурсан. Одоо бол захиалга хэвэндээ байна. Нөгөө талаас бүх нийтийн вакцинжуулалт цус, цусан бүтээгдэхүүний цуглуулалтад нөлөөлж байна. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа тодорхой хугацаанд цусаа өгөх боломжгүй. Манай улсад хийж байгаа вакцинуудын хувьд тун бүрээс хойш 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой гэж зөвлөж байгаа. Бүх нийтээр вакцинжуулалт явж байгаа учраас тодорхой хугацаанд цусаа өгөх хүмүүс буурсан. Хэрвээ ямар нэг байдлаар вакцинд хүндрэл, зовиуртай урвал илэрч байгаа гэж үзвэл 21 хоногийн дараа ч цусаа өгөхийг үгүйсгэхгүй. Тиймээс цус, цусан бүтээгдэхүүн цуглуулалтад ихээр нөлөөлж байна.
-Одоогоор улсын хэмжээнд хэдэн цусны донор бүртгэлтэй байна вэ?
-Манай улс шиг оронд 1000 хүн тутамд 10-15 донор ногдож байвал хэвийн гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар 1000 хүнд 18.3 донор ногдож байгаа. Орон нутагт бол 1000 хүнд таван донор, улсын дундаж 11.1 донор гэж явдаг. 2021 оны эхний дөрвөн сарын байдлыг өмнөх жилүүдийн эхний дөрвөн сарын мөн үетэй харьцуулахад донорын тоо 30 гаруй хувиар буурсан.
-Цусны нөөцийн багагүй хувийг залуус, тэр дундаа оюутнууд бүрдүүлдэг гэдэг. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа танхимаар орохгүй байгаа нь оюутнуудын цус өгөх оролцоонд нөлөөлсөн үү?
-2020-2021 он дамнаж хичээл, сургуулийн танхимын үйл ажиллагаа тасалдсан. Бид 2020 ондоо төлөвлөгөөний дагуу өмнөх жилээс бага зэргийн өсөлттэй байдлаар цус цуглуулсан. Өмнө нь их, дээд сургууль дээр очиж явуулын үйлчилгээгээр цус цуглуулдаг байсан бол одоо цар тахалтай үед явуулын цус цуглуулах үйлчилгээ үндсэндээ зогссон. Дандаа суурин төвүүд дээр цус цуглуулж байгаа. Цус өгөхөөр ирж байгаа хүмүүсийн дунд оюутнууд мэдээж байна. Бид цус цуглуулахдаа эхний ээлжид бүртгэлтэй донорууд руугаа “Цусаа бэлэглээч” гээд ярьж, дуудах арга хэмжээ авч эхэлсэн.
-Аж ахуйн нэгж, албан байгууллагаар очиж цус цуглуулах үйлчилгээ ерөнхийдөө түр зогссон гэсэн үг үү?
-Үндсэндээ зогсонги байдалтай байна. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд 10 хүртэлх хувиар, 30 хувиар гэх мэтчилэн ажиллаж байгаа учраас очоод цус цуглуулж авах гэхээр цусаа өгөх хүмүүсийн тоо ч эрс цөөрөөд байгаа юм.
-Энгийн үед явуулын цэгээр хэр хэмжээний цус цуглуулдаг байсан бэ?
-Нийт цус цуглуулалтыг 100 хувь гэж үзвэл явуулын болон суурин цэгээр цус цуглуулалт тус бүр 50 хувьтай байсан.
-Цар тахлын үед Цус цуглуулах төвүүдийн үйл ажиллагаа яаж явж байна вэ?
-Ердийн цагийн хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 08:30-14:00 цаг хүртэл цус цуглуулж, үйлчилгээ хэвийн явж байгаа. “Ковид-19”-той холбоотойгоор халдварын эрсдэлээс сэргийлж тандалтын асуумж нэмж авч байна.
-“Ковид-19”-той үед цусны нөөцийг нэмэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болж байна. Энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?
-Бид “Ковид-19”-той жилүүдэд ч төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин болгонд хэрхэн ажиллах арга хэмжээг гаргасны үр дүнд өнөөдөр бидэнд эмнэлэгт олгоогүй цус, цусан бүтээгдэхүүн гэж байхгүй. Ердийн үеэс маш их хичээл зүтгэл гаргаж байгаа боловч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн донорын тоо, цус өгөлтийн тоо багасч байгаа учраас иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэж, ойлголт өгөх хэрэгтэй байна. Вакцинжуулалт тодорхой хугацаанд яваад хийж дуусахаар цус өгөлт буцаад сэргэнэ. Цусаа өгөх хэрэгцээ шаардлага байна гэдгийг л иргэд мэдээсэй гэж хүсэж байна.
-Саяхан дроноор цус тээвэрлэдэг болсон. Энэ үйлчилгээ хэр хүртээмжтэй байгаа вэ?
-Дроноор цус тээвэрлэх үйлчилгээ үргэлжлээд явна. Өнөөдрийн байдлаар дронд техникийн саатал гарсан учраас сэлбэгийг нь захисан байна.
-Дроноор эмнэлгүүдэд цус хүргэхээр ачааллыг нь хөнгөлж байгаа болов уу?
-Эмнэлгүүдээс ихэвчлэн өдөрт 2-3 удаа ирж цус авдаг. Үүнийг л хөнгөвчилж, цахимаар захиалга аваад дроноор цусны тээвэрлэлтийг хийх юм.
-Цусны хэрэгцээ хаана хамгийн эрэлттэй байна вэ?
-Томоохон эмнэлгүүдэд эрэлттэй хэвээр байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн гурван төрөх эмнэлгүүд хамгийн их цус, цусан бүтээгдэхүүнийг авдаг. Дараа нь дүүргийн эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд гээд явна.
-Улаанбаатар хот, орон нутгийн цусны хэрэгцээ ямар байдаг вэ?
-Улаанбаатар хотод нийт цус, цусан бүтээгдэхүүний 80 хувь, орон нутагт 20 хувь гэж явдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн салбар аймаг болгонд байдаг. Орон нутагт 26 салбартай. Тэндээсээ цусны хэрэгцээгээ хангана. Заримдаа нэмэлтээр ховор бүлгийн цусны хэрэгцээг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хангадаг.
-Цусны нөөц бүрдүүлэхээс гадна цусны хадгалалт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэгт хэрхэн анхаардаг вэ?
-Төсөл хэрэгжээд бүх тоног төхөөрөмжөө бүрэн хангасан. “Ковид-19”-ын үед техник хангамж талаасаа ямар нэг асуудал алга.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН