Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Д.Энхбатын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
– Өнөөдөр Монголын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй.
– Эрх баригчид УРА хашхираад халамж тараана. Гэвч тэр бол өр. Хамгийн аюултай нь монголын хүүхдүүд бидний тэжээж байна. Яагаад гэвэл халамжийг бидэнд өгөөд, өрийг тэдэн дээр бичиж байна.
– Яг одоо бүх аймагт сайд нар, УИХ-ын гишүүд ажиллаж байна. Тэд бүх аймагт одон медаль, мөнгө тарааж байна. Яагаад тэд иргэдтэй зүгээр уулзаж чадахгүй, юунаас айгаад юм тараагаад байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.
– Байгалийн баялаг хэрэгтэй гэж ярьж байна. Архичин хүнд хичнээн их мөнгө байсан ч хэрэггүй, үрчихдэг. Түүнтэй адил мэдлэггүй, чадваргүй бол бас байгалийн баялгаа үрээд ч хаячихна.
– Аймгуудад очихоор хүмүүс дэмжмээр байгаа ч айж байна гэж байна. Монгол хүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоныхоо төлөө дарамтад орно гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Яагаад ийм зам рүү яваад байгаа юм бэ. Үүнийг зогсоох ёстой. МАН-ын зарим гишүүн ч хэж байна. Д.Энхбатаа чи ялбал манайхан эрүүлжинэ шүү гэсэн. АН-ын зарим нөхөд ч хэлсэн.
– Монгол хөгжиж, шинэ замаар явахад хамгийн чухал нь юу юм бэ гэвэл дэлхийтэй ажиллах ёстой. Үйлдвэр, технологи зэрэг зүйлс дээр хамтрах нь зүйтэй. Үүнийг хийхэд бас чадвар хэрэгтэй.
– Ерөнхийлөгч бол нам биш. Би Ерөнхийлөгч болбол өөрчлөлт авчиръя гэсэн МАН-ын ч, АН-ын ч хүнтэй хамтарч ажиллана.
– Малын хулгай байхгүй болно. Цагаан будаа шиг зүйлийг малын арьсан дор суулгахад тэр малыг хаанаас ч олно. Энэ бол ердийн зүйл.
– Мэдээллийн технологийн нэг нууц нь бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд, гэрээ бариад монгол маягаараа амьдарч байхад амьдралын чанарыг нь эрс дээшлүүлэх боломжтой.
– ХҮН нэг ч хүнээс хахуулийн мөнгө авахгүйгээр энэ сонгуулийг хийж байна. Дандаа хандиваар, дан залуучууд оролцож байна. Гэхдээ тэр залуучууд цалингүй ажиллаж байгаа ч яагаад ч юм жаргалтай байна. Уруу царайтай биш. Зөв явж буйгаа үүнээс мэдэрч байна.
– Ерөнхийлөгчийн хамгийн чухал ажил бол Монголчуудыг мөрөөдөлтэй байлгах, мөрөөдлийг нь нэгтгэх, хөгжүүлэх юм. Төрийн нэгдмэл байдлыг хадгалах, шударга ёс, хууль, шүүх засаглалтай зөв ажиллах юм.
– УИХ-ын 76 гишүүн, хэдэн дарга нар Монгол Улсыг хөгжүүлэхгүй. Хүн бүр оролцож, хүн бүр өөрийнхөө амьдрал, компани, хоршоог сайжруулж, малчид малын бэлчээрээ зөв зохион байгуулж, өөрсдөө явж байж амьдрал сайжирна, Монгол Улс хөгжинө.