Зуны улирал сайхан. Гэртээ шигдээд суух хүсэл хэнд ч байхгүй. Энэ утгаараа хүүхэд, хөгшидгүй гадаалж байна. Хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны гаднах сүүдрэвчинд хүнээс их юм алга. Гэхдээ нийгмийн нөхцөл байдал ямар түвшинд байгааг ойлгож, хэсэг хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахихгүй бол гэр бүлээрээ эрсдэлд орох эрсдэл өндөр байна!
Жуковын талбай. Сүүдрэвчинд 7 хүн чихээд суучихаж. Насны хувьд 25-65 насны хүмүүс хөзөр тоглон чанга чанга ярилцана. Болоо ч үгүй дундаа нэг шил юм тавичихаж. Бүгдээрээ маскаа эрүүндээ наачихсан…Ахмад настай нь залуучууддаа анхааруулж хэлэх ёстой атал нийлж суугаад өөрийгөө ч, өрөөлийг ч эрсдэлд оруулж байгаа нь даанч харамсалтай.
Сонгинохайран дүүргийн нэг цонхны үйлчилгээний танхимын гадаа урт дараалал үүсчээ. Мөн л нэг нэгэнтэйгээ наалдах шахуу зогсоно. Хүн хоорондын зайгаа бариач гэж сануулж байгаа ч хүн алга. Худалдаа, үйлчилгээний газруудад ч халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа хүн өдрийн од шиг ховор байна. Цар тахалд хандах монголчуудын хандлага хэнэггүй байсаар байна!
Д.Лхагва