БНХАУ Талибанчуудын хяналтад орсон Афганистанд бараг 31 сая долларын үнэ бүхий хоол хүнс, “Ковид-19”-ын эсрэг вакцин, эм тариа нийлүүлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам /ГХЯ/ өнгөрөгч лхагва гарагт мэдэгдэв.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ “БНХАУ энэ шийдвэрийг Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтын үеэр зарласан бөгөөд амалсан тусламжаа Афганистаны ард иргэдэд яаралтай хүргэх болно” гэжээ.
БНХАУ -ын Гадаад хэргийн сайд Ван И мөн “Хятад улс эхний ээлжинд Афганистанд гурван сая хүн тун вакцин хандивлана” гэж мэдэгдсэн гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Гэхдээ вакциныг хэзээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа нь тодорхойгүй байна.
Түүнээс гадна Ван И “АНУ болон түүний холбоотнууд Афганистаны ард түмэнд эдийн засаг, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх үүргээ бусад улс орнуудаас илүү хүлээх ёстой” гэж мэдэгдээд байна гэж CNN мэдээллээ.