Хятадын өмнөд хэсэгт осолдсон, “China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737” нисэх онгоцны зорчигчдын цогцсыг хараахан олж чадаагүй байгай тухай тус улсын төв телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Ослын газраас онгоцны сэг олдсон ч сураггүй болсон зорчигчид болон багийн гишүүдийг хараахан олоогүй байна гэж Хятадын төв телевиз аврагчдын мэдээллээс эш татан уламжилсан байна.
Тус телевизийн бичлэгээс харахад аврагчид мөн зорчигчдын хувийн эд зүйлс, тухайлбал шатсан хэтэвч, бичиг баримт зэргийг олж чадсан байна. “Осолдсон онгоцонд гадаадын зорчигч байгаагүй’ гэж “China Eastern Airlines” компани мэдэгджээ.
Ослын газар эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан явуулахад хүндрэлтэй байгаа аж. Телевизийн мэдээлснээр, мягмар гарагт тус бүс нутагт бороо орох төлөвтэй байна.
Даваа гарагт “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” нисэх онгоц Хятадын Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу тойргийн Тэн хошуунд осолдсон тухай тус улсын иргэний агаартын тээврийн удирдах газар мэдээлсэн юм. Уг онгоцонд багийн есөн гишүүнийг оруулаад 123 хүн сууж явжээ. Тус компани онгоцны осол болсны дараа “Boeing 737-800” загварын бүх нисэх онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон байна.
Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани ослын шалтгааныг мөрдөн шалгахад Хятадын эрх баригчдад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.