Гуравдугаар сарын 29-ний мягмар гарагт Туркийн Истанбул хотод Орос, Украины төлөөлөгчид шинэ үе шатны хэлэлцээ хийлээ. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгийн хэлснээр, хэлэлцээ үр бүтээлтэй болсон байна.
Хоёр талын хэлэлцээ гуравдугаар сарын 29, 30-нд хоёр өдөр болох төлөвтэй байсан боловч Оросын төлөөлөгчдийн баг дахь болон Туркийн ГХЯ-ны эх сурвалжуудын мэдээлснээр, энэ үе шат дууссан бөгөөд лхагва гарагт уулзалт болохгүй.
Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээний гол үр дүнгүүдийн талаар хүргэж байна.
ОХУ-ын санал
Мединскийгийн хэлснээр, Истанбулд Оросын төлөөлөгчид Украины талаас “ойлгомжтой тодорхойлсон байр суурь” хүлээж авчээ. Киевийн саналыг ойрын үед хэлэлцэж, ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Москва хариугаа өгнө.
Украины санал
- Крым, Севастополийг Украины бүрэлдэхүүнд хүчээр буцаан нэгтгэх эрмэлзлээсээ татгалзах байр суурийг Киев илэрхийлсэн байна.
- Украины тал саналдаа мөн үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, байрлуулахаас татгалзах, мөн нутаг дэвсгэрт нь гадаадын цэргийн бааз байрлуулахаас татгалзах зэргийг оруулжээ.
- Украин улс “агуулга, хэлбэрийн хувьд Умард Атлантын гэрээний тавдугаар заалттай төстэй байх’ аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдол төвийг сахисан болон цөмийн зэвсэггүй статустай болохыг зөвшөөрч байна.
- Аюулгүй байдлын баталгаа олгогч орнуудын тоонд Киев НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүд /Оросыг оруулаад/, мөн Герман, Израил, Итали, Канад, Польш, Туркийг оруулахыг санал болгожээ. Гэхдээ тэдний олгох баталгаа Крым, Донбасст хамаарахгүй байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.
- Киев баталгаа олгогч орнуудаас Украиныг Европын Холбоонд элсэхэд саад болохгүй байх, “тус холбоонд аль болох хурдан элсэхэд’ туслахыг шаардаж байна.