Нэр бүхий улстөрчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан этгээдүүдийг баривчилсан талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндсэн хуульд “Үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал хийх эрх чөлөөтэй” гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, өдөөн хатгах, турхирах зорилготойгоор зохион байгуулалтад орсон этгээдүүдийг ТЕГ-аас шалгаж байна. Дээрх этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, бэлтгэж байсан нь тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байр, машинд хийсэн үзлэг нэгжлэгээр тогтоогдсон. Тэр ч бүү хэл улсын онц чухал обьектуудыг зэвсэглэн хяналтанд авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад галт зэвсэгүүд, тэсрэх бодис илэрсэн. Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 буу илэрсэн. Автомат буу нэг ширхэг, гар буу нэг ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг байсан. Байлдааны сум их хэмжээгээр илэрсэн. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий төрийн албан хаагч, улстөрчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор өмгөөлөгч Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн.Тиймээс та бүхэн жагсаал цуглаан хийхдээ анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэгчлэн өгүүллээ.