Өнгөрөгч оны намар цар тахлын давалгаа оргилдоо хүрч эмнэлгүүд өвчтөнөө багтааж шингээхээ байж билээ. Хатуухан хэлэхэд хувь заяанд нь даатгаад гэрт нь буцааж байсан нь гашуун үнэн. Тэр хүнд хэцүү үеийг Монголчууд ямар амархан мартаж байна вэ?! Өнөөх л ухамсаргүй, хэнэггүй зандаа хөтлөгдөөд амны хаалтаа авах нь ихэслээ. Халдвар хамгааллын дэглэмийг хамгийн дээд зэргээр хангах учиртай худалдаа, үйлчилгээний газрууд, супермаркетууд халуун хэмжигчээ аль хэдийнэ хураачихаж. Гар ариутгагч ч алга. Худалдагч, кассууд нь амны хаалт гээчийг мартсан бололтой. Уг нь амны хаалтгүй орж ирсэн худалдан авагч нарт шаардлага тавих ёстой биз дээ!? Тэр ч бүү хэл хүний хөл ихтэй эмнэлэг, эмийн сан, банк, сургууль, соёлын байгууллага, нийтийн тээвэрт ч ухамсраа уландаа гишгэсэн хүмүүс гамшиг дагуулах мэт амны хаалтгүй тэнүүчилсээр…!
Халдварын тархалт намжаагүй байна! Гэтэл хэвийн амьдралдаа орсон юм шиг ингэж дур зоргоороо хэнэггүйтэж байгаад буцаад халдварын давалгаанд өртөх вий! Дэлхийд цар тахлын аюул буураагүй байна. Манай хоёр хөршөөс гадна монголчуудын хамгийн их зорчдог Солонгос, Японд байдал сайжраагүй байна. Нөхцөл байдал энэ хэвээр байвал ирэх намар цар тахлын шинэ давалгаа үүсэх нь тодорхой гэж эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байгааг хэн хүнгүй ухамсарлах цаг болжээ. Үр хүүхэд, аав, ээж, ах дүүгүй хүн гэж байхгүй. Тэднийхээ төлөө ухамсраа дээшлүүлж, амны хаалтаа хариуцлагатай зүүцгээе! Халдварын давалгаа шинээр дэгдвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ ачааллаа даахгүй шүү дээ!
“Нэг муу ханиадны төлөө сүр боллоо” гэх мэтээр суртал ухуулга хийж байгаа үл бүтэх хүмүүсийн бусармаг үгийг хайртай хүмүүсийнхээ төлөө няцаах цаг ирлээ!
“28-хан настай хүү минь ковид тусаад хэнэггүй зангаасаа болоод дөрөвхөн хоногт нас барчихлаа. Үнэхээр басахаар өвчин биш юм” гэж нэгэн ээжийн халаглан уйлж байсныг хүн болгон тусган авч, сонор сэрэмжээ дээшлүүлэх цаг бол өнөөдөр! Тусаад эдгэрсэн гэж байгаа идэр залуу хүмүүс ч зүрхний шигдээс, цус харвалтаар гэнэт нас эцэслэж байгаа нь байх л ёстой үзэгдэл гэж үү?!
Д.Лхагвадорж