Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг тус тус хангах ажлыг үндэслэж, гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай тодорхой чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг хамтран зохион байгуулах зорилго бүхий “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд боллоо.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Каритас Монгол төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,Эрчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нийт 43 төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 60 хүн оролцлоо. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл арга хэмжээг нээж үг хэлсний дараа ЖҮХ-ны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Монгол эрчүүдийн наслалт, хорт зуршил, зан үйлийн талаарх холбогдох судалгааны дүнгээс танилцуулах видеог сонирхуулав.
ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Эрэгтэйчүүдийн зан үйл, дадалд нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр жендерийн тухай асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдэд холбоотой асуудал биш гээд өвчин эмгэг, осол гэмтэл, амиа хорлолт, гэмт хэрэгт холбогдох үзэгдлийн дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлж байгааг тодорхой судалгааны тоо баримт дээр түшиглэн танилцуулсан юм. Мөн энэхүү сэдвийн хүрээнд ҮАБЗ-ийэ шинжээч, доктор профессор Ж.Цогтсугар, Зөвлөх үйлчилгээ ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэцогт нар мэдээлэл хийв. НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн оролцоо” сэдэвт илтгэлдээ 2017-2021 оны хооронд гарсан гэмт хэрэгт яллагдагчаар татагчдын 85,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгааг мэдээлээд нийт гэмт хэргийн 53,1 хувь нь ажилгүйдлээс шалтгаалсныг анхааруулав. Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АХМАДЫН БАЙГУУЛЛАГА, АХМАДУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт лекц уншиж, хэлэлцүүллээ.“Эрэгтэйчүүдийн зан үйлийг өөрчлөхөд хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах нь” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дарга, дэд хурандаа Д.Чинзориг танилцуулга-мэдээлэл хийлээ.
Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ж.Бумнанжид хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэж хэлсэн үгэндээ эрэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудуудлыг шийдвэрлэхэд төрийн болоод төрийн байгууллагуудын үүрэг оролцоо их гэдгийг онцоллоо. Хэлэлцүүлэгт оролцсон зочид төлөөлөгчид уг арга хэмжээг ач холбогдлын хувьд өндөр үнэлсэн бол зохион байгуулагч байгууллага цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эрчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, архины сөрөг зан үйлийг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг зохион байгуулах гэх мэт ажлуудад хамтран ажиллахаар боллоо.
Д.Дорж