Баяр наадмын өдрүүдэд коронавирусын халдварын тохиолдол харьцангуй нэмэгдэж байна. Өнгөрөгч нэг хоногт улсын хэмжээнд 121 тохиолдол шинээр батлагдсан бөгөөд 89 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн жил наадам хийгээгүй ч 9 хоног амрахад хотоос хөдөө рүү чиглэсэн цуваа ихэсч, улмаар орон нутагт коронавирусын халдвар нэмэгдсэн. Тэр үзэгдэл энэ жил ч давтагдаж байх шиг. Өөрөөр хэлбэл, 8 дугаар сар гараад “Ковид-19” халдварын тоо мэдэгдэхүйц өсөх нь тодорхой болж байна. ЭМЯ-наас ирэх намар омикроны шинэ давалгаа үүснэ гэдгийг анхааруулсан нь хоосон сүржигнэл биш байсан нь тодорхой.
Юутай ч ард иргэдийн хувьд амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах зэрэг халдвар хамгааллын хамгийн энгийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй боллоо. Худалдаа, үйлчилгээний газрууд ч таг мартаад байгаа халдвар хамгааллын дэглэмээ эргэн сэргээх шаардлага үүслээ! Хамгийн нэртэй сүлжээ дэлгүүрт л гэхэд ядаж гар ариутгагч алга болоод удаж байна шүү дээ. Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа дэлгүүр огт алга! Аюул ард хоцроогүйг яагаад ойлгож, ухамсарлахгүй байна вэ?
Д.Дорж