Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн Хоол судлалын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Коронавируст халдвар хоол хүнсээр дамжихаас сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хамрагдаж, ДЭМБ, ЭМЯ, УБЗАА-ны төлөөлөл, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд хүнсний аюулгүй байдлын тухай хичээл орлоо. НҮБ-ын ХХААББ, ДЭМБ-аас “КОВИД-19” хүнсээр дамжин тархаж болзошгүйг улс орнуудад анхааруулж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журам, стандартуудыг чанд дагаж мөрдөж ажиллахыг хүнсний хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж гаргажээ. Мөн ДЭМБ-ын НДББ-ийн хэмжээнд бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 125 сая хүн (40 сая 5 хүртэлх насны хүүхэд) хоол хүнсээр дамжих өвчнөөр өвдөж 50 сая хүн нас барж байна. Харин Монгол Улсын хувьд 2017-2020 онд хоолны хордлогын 51 удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 2326 хүн өвджээ. Нийт дэгдэлтийн 29.4 хувь нь гэр бүлийн хүрээнд 23.5 хувь нь хүүхдийн байгууллага, 21.6 хувь нь албан байгууллагын хоолны газар, 22.5 хувь нь ресторан, зоогийн газарт тус тус гарсан болохыг мэргэжилтнүүд хэлж байв.
Энэ үеэр НЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдварын тасгийн дарга Б.Энхтунгалаг “Уламжлалт хүнсний зах зээлийг аюулгүй байлгахад анхаарч сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн эрүүл ахуйч нар оролцож байгаа. Хэрэглэгчдэд хүргэж байгаа хүнс аюулгүй байлгахад худалдаа эрхлэгчдийн мэдлэгийг сэргээж байна. Сургалтын үр дүнд хэрэглэгчдэд хүрч буй хүнс аюулгүй байж, оролцогчдын мэдлэг дээшилнэ. Дэлхийн хэмжээнд жил бүр 10 хүн тутмын нэг нь бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас 420 сая хүн цаг бусаар нас барж байна. Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал анхаарах ёстой асуудлын нэг мөн. Эрүүл мэндийн статистикийн судалгаагаар нийт халдварт өвчний 19.8 хувь нь гэдэсний халдварт өвчин байх жишээтэй. Иймд хүнсний аюулгүй байдал аль ч улс орны хувьд нийгмийн болон хувь хүний эрүүл мэндийн хувьд нэн чухал асуудал” хэмээн өгүүллээ. Сургалтад оролцсон хүнсний худалдаа эрхлэгчид, эрүүл ахуйчид үр дүнтэй, сайн сургалт болж байгааг онцолж байлаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР