Дэлхийн банк энэ зун үерийн гамшиг нүүрлэсний улмаас 1600 гаруй хүн амиа алдаад буй Пакистанд хоёр тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь одоогоор тус улсад үзүүлэхээр болсон хамгийн том тусламж болж байна.
Пакистанд энэ онд урьд хожид үзэгдээгүй хүчтэй аадар бороо орж, улмаар үерийн гамшиг нүүрлэснийг олон мэргэжилтэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа юм. Тус улсад зургаадугаар сарын дунд үеэс хойш 13 мянга орчим хүн гэмтэж бэртсэнээс гадна олон сая хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрч, ургац, байшин барилга хийгээд олон мянган км зам сүйджээ.
Дэлхийн банкны Өмнөд Азийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Мартин Райсер Пакистанд бямба гарагт анхны албан ёсны айлчлал хийснийхээ дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрбээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон хүн амь насаараа хохирч, амьжиргаагаа алдсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, үерт нэрвэгдсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлэхээр холбооны болон мужийн засаг захиргаадтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
М.Райсер айлчлалынхаа хугацаанд холбогдох яамны сайд нар болон байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн зүүн нутгийн Синдх мужийн тэргүүн сайдтай уулзаж, Даду дүүргийн нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Тус мужид гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулан эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх олон мянган түр хуаранг байгуулсан бөгөөд Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, гэдэсний хижиг, хумхаа, денге чичрэг өвчний тархалтын улмаас 300 орчим хүн нас баржээ.
Энэ тоон үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг “хоёр дахь гамшиг”-ийн талаар түгшүүр зарлахад хүргэсэн байна. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Пакистаны эрх баригчид Синдх муж руу байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор 10 мянга орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтныг илгээжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.