Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулах хөдөлмөрийн нэгдсэн систем “И-Жоб” платформыг хэрэгжүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.
Тус платформыг 2021 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнднэвтрүүлж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сургалтыг нээж хэлсэн үгэндээ “…Энэхүү платформ нь Монгол Улсын иргэн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээг түргэн шуурхай авах, нөгөөтэйгүүр зөвхөн ажил хайж олдог талбар биш хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л мэдээллийн системийг шинээр бий болгох, шинээр удирдаж, дүн шинжилгээ хийх төдийгүй гадны хөдөлмөрийн зах зээл дээр баялаг бүтээх, өөрийн мэдлэг ур чадвараа сорих боломжийг өгч байгаа том систем гэдгээрээ томоохон сорилт болж буйг онцлоод ажилтан албан хаагчдыг “И-Жоб” цахим сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриаллаа”. Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой оролцогч талуудын бүхий л үйл ажиллагааг цахимжуулснаараа ялангуяа мэргэжилтнүүдэд ирдэг томоохон ачааллыг багасгана гэж харж байгаа хэмээн тодотгосон. Энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, албадын дарга, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй нийт 310 албан хаагч оролцож байна. Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн багтай хамтран Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулж буй энэхүү цахим сургалтаар төрийн мэдээллийн бусад системтэй холбогдсон 11 модуль дэд системүүдээс бүрдсэн шинэ платформ дээр хэрхэн ажиллах, ажил хайгч, ажил олгогчдыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан ажилд зуучлах талаарх мэдлэг чадварыг салбарын албан хаагчдад олгох юм.