Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.
Цалин нэмэх асуудалд цааргалж буй эрх баригчдад шахалт үзүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байна. Нийтийг хамарсан “Лхагва гаргийн ажил хаялт”-ын улмаас улс даяар сургуулиудын үйл ажиллагаа түр зогсож, галт тэрэгний ихэнх шугамын үйлчилгээ зогссоноос гадна цэргийнхэн хилийн шалган нэвтрүүлэх албаныханд туслахад хүрчээ.
2011 онд болсон төрийн албан хаагчдын жагсаалаас хойших хамгийн олон хүнийг хамарсан ажил хаялтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь буюу 300 мянга орчим нь багш нар байлаа гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлж байна.
Ерөнхий сайд Риши Сунак улс орон даяар сая сая хүүхдийн сургуулийг завсардуулсан ажил хаялтыг зэмлэн буруушаажээ. Тэрбээр, “Үр хүүхдүүдийн маань боловсрол хамгийн үнэ цэнтэй гэдгийг би тодорхой хэлье. Өнөөдөр тэд сургуульдаа явж, хичээлээ заалгах эрхтэй” гэж мэдэгджээ.
Р.Сунакийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг их хэмжээгээр нэмбэл өсөн нэмэгдсээр байгаа инфляцыг улам хөөрөгдөх болно хэмээн үзэж үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа аж.
Лондон хотын төвийн дүүрэгт “Хүүхдүүд илүү сайн сайхныг хүртэх эрхтэй”, “Сургуулийг маань хэвийн ажиллуулъя гэвэл цалингаа нэм” гэсэн үгтэй уриа лоозонг барьсан олон мянган багш жагсжээ.
Жагсаалд оролцсон төрийн албаны 120 гаруй нэгж хэлтсийн 100 мянга орчим ажилтныг төлөөлж буй “PCS” эвлэлийнхэн зохион байгуулалттай ажил хаялтыг цаашид дахин зохион байгуулж тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан байна.
“Хэрвээ Засгийн газар энэ асуудлаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол бусад олон үйлдвэрчний эвлэл бидэнтэй нэгдэж өнөөдрийнх шиг өдөр олон удаа давтагдана гэж бодож байна” гэж “PCS”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Сервотка “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Их Британид инфляц 10 гаруй хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт бөгөөд төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байна. Өмнө нь эрүүл мэнд, тээврийн салбарынхан болон “Amazon” компанийн агуулахын ажилчид “Royal Mail” шуудангийн ажилтнууд жагсжээ.
Ирэх долоо хоногт сувилагч, түргэн тусламжийн тасгийнхан, эмч, яаралтай тусламжийн дуудлагын оператор зэрэг эрүүл мэндийн салбарын бусад ажилтнууд ажил хаялт зохиохоор төлөвлөж байгаа бол гал сөнөөгчид энэ долоо хоногт нийтийн ажил хаялтыг дэмжсэн байна.
Огцом өсөж байгаа хоол хүнс, эрчим хүчний төлбөрийг төлөхөд цалин хүрэлцэхгүй байгаа тул цалинг инфляцын түвшнээс дээгүүр хувиар нэмэгдүүлэхийг жагсагчид шаардаж байгаа аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.