Орон сууцны гадаа 30-аад насны залуу том овчаркаа салхилуулна. Гэтэл нөгөө нохой нь зөрж өнгөрсөн настай эмэгтэйг багагүй цочоов. Эмэгтэй цочиж айсандаа “Наад нэг юмаа аваачээ” гэвэл залуу уучлаарай гэхийн оронд “Чи гудамжны нохойноос айдаггүй байж, тэжээвэр нохойноос үхсэндээ айдаг юм” гэж өндөр дуугаар загнав. Айсан хүн бүр л илүү цочрол авсан байх. Тэжээвэр нохой хүн урдаггүй гэж ууртай залуу хаанаас уншсан юм бол доо? Айлын гэрийн тэжээвэр нохой хүүхэд барьж амь насыг нь хохироосон хэрэг удаа дараа гарсан дэндүү эмгэнэлтэй жишээ цөөнгүй байдаг!
Хамгийн сүүлийн ноцтой жишээ татвал 80 шүргэж яваа багшийг минь Таван шард явж байхад хэдэн нохой шуугин ирж ноцжээ. Үүний улмаас 28 оёдол тавиулж, түнхээ хадуулж, гараа гипсдүүлнийг бодох бүр бухимдах юм. Өндөр настай хүн мөрөөрөө явж байгаад нохойд уруулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирно гэдэг байж болшгүй хэрэг шүү дээ! Хөгшин хүн байтугай залуучууд тэр их өвдөлт, урт удаан эмчилгээг тэсвэрлэнэ гэдэг хэцүү. Нохой тэжээдэг айлууд гадагшаа гарахдаа хүнээс илүү хайрладаг амьтандаа ядаж хошуувч зүүлгэе! Хотын захиргаа, Захирагчийн ажлын алба золбин нохой, устгалын ажилд маш далайцтай хандая!
Амралтын өдрөөр уул хаданд зугаалдаг хүмүүс олон байдаг. Харамсалтай нь Богд ууланд золбин нохдын сүрэг бий болж хүн ноцож, амьтан барьж идсэн тохиолдол гарсан шүү. Ийм ноцтой хэрэг дахин гармааргүй байна!
Д.Дорж