Туркт өнгөрөгч даваа гаригт болсон аймшигт газар хөдлөлтөд Засгийн газар удаашралтай хариу арга хэмжээ авсан, мөн чанаргүй барилгууд илүү их хохирол учруулсанд тус улсын иргэд ихээхэн бухимдаж байна. Гэхдээ өчигдөр буюу бямба гарагт Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан этгээдүүдийг саатуулж эхэлжээ.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид 100 гаруй хүн саатуулагдсан тухай төрийн мэдлийн Анадолу агентлаг мэдээлсэн бөгөөд Туркийн Хууль зүйн яам эдгээр мужийн холбогдох албаныханд “Газар хөдлөлтийн гэмт хэрэг мөрдөх алба” байгуулах тушаал өгсөн байна. Мөн 1999 онд болсон ийм гамшгийн дараа ашиглалтад оруулсан, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг хангаагүй барилгуудыг барьсан буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх прокуроруудыг томилохыг тэдэнд даалгажээ.
Антакья хотын Сарайкинт хороололд шинээр баригдсан 90 орчим айлын орон сууц бүхий 14 давхар тансаг зэрэглэлийн барилга өөрөө нурж унасныг иргэд хэлж байв.
“Ayşe-Mehmet Polat” хэмээх цамхагийг барьсан Мехмет Эртан Акайг өчигдөр Истанбулд баривчилсан бол газар хөдлөлтийн баллыг даагаагүй Rönesans барилгыг барьсан компанийн эзэн Мехмет Яшар Кошкуныг эх орноосоо оргон зайлах гэж байхад нь нисэх буудал дээр саатуулжээ.