Улаанбаатар уг нь хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг улсын нийслэл юмсан. Харамсалтай нь гэр хорооллыг барилгажуулах ажил зогсч, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт чанартай чанаргүй барилгууд шавж, хүн зөрөхөд ч хэцүү орчин үүслээ! Ямар ч хот төлөвлөлт алга! Эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах боломж үнэндээ алдагдлаа! “Яаж барилга барьдаг байна аа?” гэмээр газарт л 16 давхар байшин босгочих юм. Олон нийтийн эзэмшлийн талбайд хүртэл зөвшөөрөл өгдөг нь ямар учиртай юм бэ?! Чанар, эрсдлийг нь зөв шинжилж, бодитой дүгнэлт өгч чадаж байна уу?
Барилга хоорондын зай, стандарт хаана байна вэ?! Инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний ачааллыг яаж шийдэж, харав?
Хариуцлага хаана байна!? Гал гарч, газар хөдөлвөл юу болохыг тооцоолж үзсэн үү? Галын машин, түргэн тусламж саадгүй орох боломж байна уу? Орон сууцны хороолол гэхээсээ бетонон ширэнгэ болчихсон газар олон байгааг анзаарч харж, алдааг давтахгүй байхын төлөө ямар бодлого боловсруулж байна вэ?! Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд, хотын захиргаа анхаарлаа хандуулах цаг болжээ!
Д.Лхагва