Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болов, монгол хүн. Хэрвээ анзаарвал, нийгэмд байсхийгээд дэгддэг сенсаци улс нийгэмд хийгээд монгол хүнд тулгарсан асууудлуудыг, оюун санааны хоосрол, зан чанарын эвдрэл, харилцаа хандлагын төлөв, тун олон асуудлуудыг тусган харуулж байдаг.
Саявтар дэгдсэн ээлжит сенсаци монгол хүний үг яриа, үйлдэл хандлага, зан чанар, авир араншинд золбин шинж илэрч, золбиншсон гэх дотоод үйл явцыг тусган харуулав. А…, ц…, я…, п…чих халгам, золбин үг хэллэг бүхий хараалыг зогсоо зайгүй урсгаж, үх хат гэж орилж хашгиран зүхсэн, салаавч өгч, дунд хуруугаа гаргасан, нүүр лүү нулимж, дайрч давшилсан хийгээд хэт эрээ цээргүй эрээгүй садар үгээр хараасан энэ дүр төрх бол монгол хүнд нийтлэг болсон зан араншин, хандлага. Энэ хандлага монгол хүнийг золбиншин зэрлэгшсэн тухай мэдээллийг тусган харуулсан шинж тэмдэг болно.Золбин зэрлэг хүний тухайд бидний төсөөлдөг үс ноос нь ширэлдсэн, хээр хөдөөгүүр хэсэж тэнээд явчихдаг хүний дүр төсөөлөл хоцрогджээ. Гадаад байдал нь гял цал, ганган дэгжин хувцаслаж, үнэтэй эд зүйлс хэрэглэсэн, хэд хэдэн гадаад хэлтэй, энэ тэр оронд боловсрол эзэмшсэн хүн гэх ч үг яриа, үйлдэл хандлага нь балмад дээрэнгүй, зэрлэгдүү золбин байх явдал байж л байна. Мянгаар тоологдох мал сүрэгтэй мянгат малчин ч тэр, цал буурал өвөө ч, таяг тулсан эмээ ч, алдар нэр нь түмэнд түгсэн од нэгэн ч, төрийн өндөр албан тушаалтан ч мөн, дунд сургуулийн сурагч багачууд, өсвөр насныхан, оюутан залуус ч үг яриа, үйлдэл хандлагын хувьд хэт балмаджсан, золбин үг яриа, зэрлэгдүү төрх байдал харагдах болов. Монгол хүннас хүйс, мэргэжил боловсрол, албан тушаал, хот хөдөө үл хамааран нийтлэг золбиншин зэрлэгшжээ. Хөгжиж боловсорсон, хүн болон төлөвшсөн, золбиншлоос ангид үлдсэн ухамсарт хүмүүс манай нийгэмд бий. Золбиншино гэдэг ямар учир начир бүхий үйл явц болохын тухайд бол хүн зэрлэгшсэн байгаагийн, мөнхүү бас дотоод хөгжлийн хувьд хүнийхээ мөн чанарыг алдаж, амьтанлаг шинж, адгууслаг, араатанлаг төлөв байдал руугаа унасан гэдгийн тус тус шинж тэмдэг. Амьдрал дээр золбиншлын дараах хэлбэрүүд нийтлэг оршиж байгаа. Сексийн тухай хэт ил задгай, нүүр халмаар задгай замбараагүй ярьж, үүндээ баясан тас тас хөхрөн, хэнтэй ч амраглахад бэлэн энэ дүр төрх бол эрх чөлөөт байдал огт биш эрээгүйтэл. Эрээгүйтэл гэддэг муу муухайн зүй зохист хэм хэмжээг давсан, хэт задарч задгайрсанаас үүдэлтэй садар шинж, янханлаг завхай төрх байдал болохын хувьд золбиншил болно. Биднүүс хамгийн садар үгийг олж хэлэх гэж хичээдэг, садар байдлаараа биенээ давж гарах гэж оролддог, эрээгүйсадар үг яриагаараа өөр хоорондоо бараг л уралддаг болж. Гоо сайхан, нандин чанар, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил, оюун санааны хөгжил дутвал, хүн болон хөгжиж төлөвших хийгээд нийгэмших үйл явц хоцорвол, өөрөөсөө хийгээд орчин тойрны хүмүүсээс ичиж зовох, эвгүйрхэх, санаа зовних эрүүл саруул мэдрэмж алдагдвал энэ нөхцөлд хүний зан чанар, төрх байдал, үйлдэл хандлага, үг яриа нь хэт задарч задгайрч, хориг цээрээ алдаж, эрээгүй садардуу болж эхэлдэг зүй тогтолтой. Энэ нөхцөл байдал бол хүн золбиншиж буй үйл явц аж. Эрээгүйтэл бол гоо сайхан, эрхэм дээд, нандин сайхан, үнэ цэнэт зүйлгүй үнэ цэнэгүй, хямдхан төрх байдал юм. Ер нь бол сайхан, үнэт, нандин зүйл дутвал тухайн зүйлийн муу муухай шинж байдал нь зохист хэмжээнээс давж, ой гутам, жигшил төрөм муухай болж өөрчлөгддөг жамтай. Тэд ил задгай, эрээгүй, сэжиг хүрэм зүйлсээс сэжиглэх, дур гутах, ичих зовох мэдрэмжээ алдсан байдгааас хэвийн энгийн байдлаар улмаар таашаалтай хүлээн авдаг. Золбирол буюу тэнэмэл амьдрал бол золбиншил, золбин байдлын өөр нэг хэлбэр нь. Золбирол гэгч манайд төрөл бүрээрээ тун нийтлэг оршдог үзэгдэл шүү. Тэнэмэл амьдралтай гэхээр хөдөө хээрээр хаа сайгүй хэсэж тэнээд явчихдаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл одоо огт өөр болж. Гэртээ ирэхээ больсон, сексийн хамтрагчаа байн байн сольж, буудал дамжин хэрэн хэссэн тэнэмэл амьдрал бол золбиншил. Өдөр өнжилгүй архидан согтуурдаг хөлчүү утгагүй энэ амьдрал мөн л золбирол.Өсвөр насны охид алга болоод хэд хонолоо гэсэн зар тавигдаж, нийгмийг түгшүүрт автуулдаг. Алга болсон шалтгаанд, эцэг эхдээ хэлэлгүй тийшээ явжээ, эднийд очжээ гэсэн шалтгаан бичигдсэн байдаг. Дур зоргын золбирсон хандлага.Өдөр өнжилгүй шоудаж, наргиж цэнгэсэн зугаацсан амьдрал гэдэг золбирол, адгуусан зугаа цэнгэл болно. Манайд нийтлэг харагддаг болсон ертөнцийн хамгийн муухай үгээр хараасан, эсвэл садар завхай үгээр зай завсаргүй зүхсэн, амнаас нь унах үг бүр нь үзлий муухай, үг биш утгагүй балай үгсийн хэлхээс болсон, салаавч өгч, цагаан хөөс цахруулсаар, зодож нүдэхээр дайрч давшилдаг хэтэрч дэндсэн танхай балмад бол золбиншин зэрлэгшил. Ууж хөлчүүрхсэн, зугаа цэнгэл хөөцөлдсөн утгагүй золбин амьдрал бол манай нийгэмд түгээмэл тохиолддог үзэгдэл юм. Монгол хүн золбин зэрлэгдүү үг яриа, төлөв, хандлагатай болсон гэдгээ бодитой, үнэн мөнөөр мэдэж авах, хүлээн зөвшөөрч,хүн болохоор зорьж тэмүүлэг гэсэн зорилгоор амьдрал дээрх золбиншлын хэлбэрүүдийг биччихлээ.
Золбиншил гэдэг шинж чанарын хувьд бол адгууслаг шинж, төрх төлөв, харин дотоод хөгжил талаасаа бол хүн зэрлэгшиж буй үйл явц. Золбиншлыг үйлдэл хандлагаар нь задлаж харуулбал, а…, ц…, я…, п…чих халгам, золбин үг хэллэг бүхий хараалыг зогсоо зайгүй урсгаж, дунд хуруугаа гаргасан, нүүр лүү нулимж, салаавч өгч, хэт эрээ цээргүй эрээгүй садар үгээр хараах энэ үйлдэл хандлага бол адгууслаг шинж, төрх төлөв.
Адгууслаг хүн гэдэг өөрөөсөө хийгээд өрөөл бусдаас ичиж зовох, эрээлэх, санаа зовних эрүүл мэдрэмжгүй, гоо сайхан, ёс зүй, хүнийг хүндлэх дээдлэх хүн ёсны мэдрэмжгүй болно. Үх хат гэж орилж хашгиран зүхсэн, ална тална гэж дайрч давшлах энэ үйлдэл хандлага бол араатанлаг шинж, төрх төлөв. Аараатанлаг хүн гэдэг хүнийг хайрлаж энэрэх, өрөвдөж санаа зовних, өмгөөлж өмөлзөх, хүн гэж үзэх, хүлээн зөвшөөрөх хүн ёсны мэдрэмж, хүнлэг нинжин сэтгэл, өрөвч зөөлөн сэтгэлгүй болно. Сексийн хамтрагчаа байн байн сольж, буудал дамжин хэрэн хэссэн тэнэмэл гэдэг адгууслаг зугаа цэнгэл. Өдөр өнжилгүй архидан согтуурдаг хөлчүү утгагүй энэ амьдрал мөн л адгуусан зугаа цэнгэлийн нэг. Дур зоргын золбирсон хандлага гэдэг адгууслаг шинж, төлөв. Хүнийг хамгийн муухай үгээр хараасан, эсвэл садар завхай үгээр зай завсаргүй зүхсэн энэ хандлага бол адгууслаг шинж, төлөв. Амнаасаа цагаан хөөс цахруулсаар, зодож нүдэхээр дайрч давшлах гэдэг араатанлаг шинж, төрх.
Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болов, монгол хүн. Нийгэм гэдэг хүнийг золбиншин зэрлэгшихээс сэргийлж, хөгжүүлж, төлөвшүүлж, хүмүүжүүлж, зүрх сэтгэлийн боловсрол олгож, үзэл санааг нь бүрэлдүүлж, хариуцлагажуулж, нийгмийн орчин ахуйд оршин амьдрах чадвартай нийгмийн “ Хүн “ –ийг бүтээж бий болгож байдаг учиртай билээ. Хүмүүс бид нийгмийн орчинд л нийгмийн “ Хүн” болж бүтээгддэг, хөгждөг, хүмүүждэг, төлөвшдөг учиртай. Гэтэл манай нийгэмд хүн нь золбиншин зэрлэгшиж, байгалийн “ Амьтан “ –ынхаа төлөвт унаж, хүн биш адгуус, араатан болчихож байна. Монгол хүн нийгмийнхээ орчин нөхцлөөс золбиншин зэрлэгшиж байна. Үүний цаана хүний нийгэм болж бүрэлдэж бүтээгдээгүй байна гэсэн шалтгаан бий.Нийгэм гэж харагдавч, дотоод тал, амьдрал нь байгалийнхаараа буюу байгалийн зэрлэг орчин лугаа адил хэвээр байгаа аж. Энэ нөхцөл, шалтгаанаас үүдэн монгол хүн нийгмийнхээ орчинд хүмүүжин төлөвших бус эсрэгээр золбиншин зэрлэгшээд байна.
Хүний дотоод хөгжил бол дараагийнх нь шалтгаан. Хөгжилтэй улс оронд хэвшин тогтсон нийтлэг ойлголтоор бол улс орны үнэт баялаг бол хүн, улс нийгмээ бүтээн босгогчид нь ард иргэд нь байдаг билээ. Гэвч манай улсад энэ зарчим хөсөр хаягдсан. Гучин жилийн хугацаанд хүний дотоод хөгжил орхигдсоны гайгаар, монгол хүний оюун санааны ертөнцөд хөгжиж боловсрох үйл явц эс явагдав, зүрх сэтгэл эс боловсров, хүнлэг нинжин сэтгэл, үзэл эс төлөвшив, эс нийгэмшив, эс хүмүүжив, хүн болж эс чадав, эсрэгээр байгалийн төлөвтөө унаж, амьтан . Энэ явдлын үр дагаварт монгол хүн байгалийн төлөвтөө унаж, золбиншин зэрлэгшжээ гэсэн шалтгаантай. Энэ нөхцөл байдал бидэнд золбиншин зэрлэгшсээр буй монгол хүнээ дотоод хөгжил буюу оюун санааг нь хөгжүүлж, хүмүүжүүлж, соёлжуулж, ёс суртахуунтай болгож, зүрх сэтгэлийн боловсрол олгож, хүмүнлэг, ардчилсан үзэл санаа суулгаж, нийгмийн “Хүн” болгох хэрэгцээ шаардлага тулгарсан гэдгийг тусган харуулж, мэдээлж байна.
Ч.ТУЯА