Нигер улсад цэргийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчид “лалын жихад бүлэглэлтэй тэмцэх хүрээнд Францын цэргийн ангиудыг Нижерт байрлуулах тухай гэрээг цуцалж байгаа”-гаа мэдэгдлээ.
“Нигерт болж буй үйл явдалд Францын зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж байгаатай холбогдуулан Эх орноо аврах үндэсний зөвлөлийн /CNSP/ зүгээс тус улстай аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт байгуулсан бүх гэрээгээ цуцлахаар шийдвэрлэлээ” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
Үүний сацуу, CNSP-ийн төлөөлөгч, хурандаа Амаду Абдраманы ярьснаар, Нигер улсаас Франц, АНУ, Нигери, Того гэсэн 4 улсад суугаа элчин сайд нарын бүрэн эрхийг цуцалсан байна. Өмнө нь, Франц, АНУ, Нигерийн эрх баригчдын зүгээс үймээн дэгдээгчдийн үйл ажиллагааг буруушааж, хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч Мохамед Базумыг суллахыг шаардсан билээ. Мөн АНУ-д суугаа Нигерийн элчин сайд Мамаду Лиман-Тингири мэдэгдэхдээ “ерөнхийлөгчийг төрийн эрхэнд буцаан гаргахын тулд цэргийн хүч хэрэглэх хувилбар байж болох”-ыг үгүйсгээгүй юм.
Үймээн дэгдээгчдийн мэдэгдэлд дурдсаныг үзвэл, Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ECOWAS/ зүгээс түрэмгийлэл үйлдэх гэсэн аливаа оролдлогод Нигерийн зэвсэгт хүчин нэн даруй хариу цохилт өгнө гэдгийг анхааруулсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.