Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг 2022 оноос шалгаж эхэлсэн. Тус газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлж байв. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сайд асан Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ.
Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн. Товчхон дурдвал анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажил эхэлж байв. Түүнээс хойш таван ч сайдын нүүр үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажлын Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нар хариуцаж байв.
АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Төв аймгийн Баян сум дахь экологийн байцаагч “М” нь бичиг баримт хуурамчаар үйлдэж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “Т” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн албан тушаалтан “А”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан зэрэг гэх;
- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
- “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- “Ц” нь “Аавуудын нэгдэл” ТББ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө ашиг хонжоо олох зорилгоор иргэдээс шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашигласан гэх;
- Иргэн “М” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын албан тушаалтан “Д”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г, тус байгууллагын албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагджээ.