Германы Канцлер Олаф Шольц гүйж байгаад унаж бэртсэнийхээ дараа нүдээ боосон зургаа “Х” (хуучнаар Twitter) олон нийтийн сүлжээнд даваа гарагт нийтэлжээ.
Энэ явдал бямба гарагт Берлины ойролцоох Потсдам хотод түүний гэрийн ойролцоо болсон аж.
Тэрбээр энэ ослын улмаас ням гаргийн орон нутгийн сонгуулийн арга хэмжээг цуцалсан боловч хуваарийн дагуу ойрын өдрүүдэд олон нийтийн өмнө үг хэлнэ.
Түүний бэртэл ноцтой биш хэдий ч зургаас нь харахад баруун нүдний орчимд болон хамар, эрүү нь хөхөрсөн байна.
Канцлер “сэтгэл өөдрөг” байгаа боловч “зодуулсан хүн шиг” харагдаж байгаа, ирэх хэдэн долоо хоногт түүний харагдах байдалд дасгах үүднээс энэ зургийг нийтэлсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид түүний авсан бэртлийг засгийн газрын эвслийн доторх хэрүүл маргаантай холбон хошигножээ. Жил бүр багт наадам зохион байгуулдаг Кёльн хотын цахим хуудсанд, ирэх жилийн багт наадамд “Далайн дээрэмчин Олаф”-ын хувцас өмсөж ирээрэй гэсэн байна.
Цахим сүлжээн дэх эерэг сэтгэгдлүүдээс харахад Германы сонгогчдод Канцлер Шольцын шинэ дүр таалагдсан бололтой. Эсвэл яриа хөөрөө муутай гэгддэг Канцлерын шинэ PR нь тэднийг гайхшируулсан болов уу.
Наймдугаар сард олон нийтийн “ZDF” телевизээс явуулсан санал асуулгад оролцогчдын 72 хувь нь ноён Шольц асуултад тодорхой хариулт өгөхөөс зайлсхийдэг гэжээ. Мөн наймдугаар сард явуулсан өөр нэг судалгаагаар, сонгогчдын 51 хувь нь түүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 43 хувь нь түүнд сэтгэл хангалуун байдаг ажээ.
Энэ бол Германы канцлерын хувьд доогуур үнэлгээ юм.
Шольцод тулгарч буй гол асуудал бол, тэрбээр гурван талт эвслийн засгийн газрыг удирдаж байгаа бөгөөд нам бүр өөр өөр зорилго, үзэл баримтлалтай байгаад оршино. Инфляц, Орос- Украины дайн зэрэг олон асуудлаар энэхүү эвсэл дотроо зөрчилтэй байна.
Түүний эвсэл Германд шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сүүлийн хоёр жилд Шольцын засгийн газар Ангела Меркелийн 16 жилийн хугацаанд хийсэн өөрчлөлтөөс илүү их өөрчлөлтийг хийсэн гэж түүнийг дэмжигчид үзэж байна. Гэвч бизнест ээлтэй, татварыг бууруулах либерал бодлого баримталдаг Чөлөөт ардчилсан нам (FDP) болон зүүний үзэлтнүүдийн Ногоон намын хооронд байнга санал зөрөлдөөн үүсдэг.
Өнгөрсөн ням гарагт болсон хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар, хэрэв яг одоо сонгууль явуулбал засгийн газар ердөө 38 хувийн санал авч, олонхийн байр сууриа алдана. Канцлерын өөрийнх нь SPD нам санал хураалтаар 18 хувийн санал авсан нь сонгуульд 40 хувийн санал авч байсан намын хувьд “сүйрэл” юм. Гэхдээ сөрөг хүчний Консерватив намыг сонгогчид төдийлөн дэмжихгүй байгаа нь Канцлерын санааг амраах буйзаа. Түүний гол өрсөлдөгч Консерватив намын дарга Фредрих Мерц-ийн нэр хүнд сайнгүй байгаа.
Одоогоор Германы улс төрд таагүй уур амьсгал бүрдээд байгаа тул Олаф Шольцыг хошин шогийн мэдрэмжтэй хүн болохыг харуулснаар сонгогчид бага боловч тайвширсан бололтой гэж BBC мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.