Москва, Пёньяны хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээр идэвхжиж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт мэдэгдэл хийв.
Тэрбээр Орос, Умард Солонгосын хооронд зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээ идэвхжиж байгааг хэлээд, Украинд ашиглах зэвсгийг Орост нийлүүлбэл улс орон нь “томоохон төлөөс төлнө” гэдгийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулжээ.
Орост зэвсэг нийлүүлэх нь “Умард Солонгост сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тус улс олон улсын хамтын нийгэмлэгт үүнийхээ төлөөсийг төлөх болно” гэж Ж.Салливан мэдэгдсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уатсон даваа гарагт Ким Жөн Ун, Путин нар уулзаж магадгүй гэж мэдэгдсэн бол “Нью-Йорк Таймс” сонин АНУ болон холбоотнуудын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын өгсөн мэдээллээс эш татан “Ким ирэх долоо хоногийн эхээр Орост айлчилж, Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар төлөвлөж байна” гэж мэдээлжээ.
“Зэвсэг нийлүүлэх асуудлыг удирдлагын дээд түвшинд Ким өөрөө биечлэн хэлэлцэж магадгүй” гэж Ж.Салливан хэлэв. “Бид Оросын батлан хамгаалах аж үйлдвэрт шахалт үзүүлж, үйлдвэрлэлийг нь улам хумисаар байна. Москва одоо зэвсэг хэрэгслийн “боломжит эх үүсвэрүүдийг хайж байна” гэж тэрбээр нэмж дурдлаа.
Эцэст нь Ж.Салливан “украинчуудыг хөнөөх зэвсгийг Орост нийлүүлэхгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг Умард Солонгост уриалж байна” гэжээ хэмээн МОНЦАМЭ мэдээллээ.