АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аас ОХУ-д зэвсэг нийлүүлж болзошгүйд түгшиж байгаагаа илэрхийлж, тус улсын удирдагч Ким Жөн Унд ийм төлөвлөгөөнөөс татгалзахыг уриалав.
“Бид БНАСАУ-ыг Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй байх талаар өмнө нь хүлээсэн амлалтаа биелүүлэхийг уриалж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн юм. Харин Умард Солонгосын төрийн мэдлийн “КСNА” агентлаг мэдээлэхдээ, айлчлалын үеэр Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэсэн байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун есдүгээр сарын 10-ны үдээс хойш тусгай галт тэргээр Пёньянаас хөдөлж, ОХУ-ыг зорьсон гэж “Солонгосын дуу хоолой” радио мөн мэдээлжээ.
Түүнийг нам, төр засаг, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд дагалдан явж байгааг тус радио онцолжээ. БНАСАУ-ын удирдагчийн гадаадад хийх айлчлалыг ЗГХЭГ-ын дарга Ким Док Хун тэргүүтэй удирдлагын гишүүд дагалдан явж байгаа аж гэж Ройтерс мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.