БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, Ван И ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевийн урилгаар тус улсад айлчилж, Орос-Хятадын стратегийн аюулгүй байдлын 18 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцоно.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ван И нар есдүгээр сарын 18-нд Москвад хэлэлцээ хийнэ гэжээ. Түүний хэлснээр, талууд Украины асуудлаар, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах талаар санал бодлоо солилцоно гэж ТАСС мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.