Монгол Улсад цусны алба үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны Цусны станц ба салбар байгуулах тухай тогтоолоор 1963 онд 14 хүний орон тоотой байгуулагдсан “Цусны төв станц” өдгөө 70 орон тоотой, 4 тасаг, 5 алба бүхий Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж өргөжиж, бүх аймаг, алслагдсан дүүрэгт 26 Цусны салбар төв бүхий Үндэсний хэмжээний салбар болон хөгжиж байна.
Өнөөдөр болсон Цусны алба байгуулагдсаны 60 жилийн ойд зориулагдсан хүндэтгэлийн арга хэмжээг нээж тус төвийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр үг хэллээ. Тэрбээр “Цусны албаны түүхэн хөгжил, чиг хандлага” сэдэвт илтгэл тавьсан юм.
Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Төрийн соёрхолт, доктор Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа зэрэг анагаах ухааны салбарын алдартнуудаас гадна ачтан доноруудын төлөөлөл оролцлоо.