Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) террорист ХАМАС бүлэглэлийн байгууламжуудад хариу цохилт өгөх тул Газын зурвасаас гарч явахыг энгийн иргэдэд хандан Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гаргийн орой уриалжээ.
Б.Нетаньяху мэдэгдэхдээ “Израилын төлөө, манай иргэдийн төлөө ХАМАС-аас өшөөгөө авах дайнд бид ялна. ХАМАС-ын үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг бид балгас болгон хувиргана. Газын зурваст амьдарч буй иргэдийг яг одоо тэндээс гар гэж хэлье, учир нь бид удахгүй Газын зурвасын бүх хэсэгт цохилт өгнө” гэсэн байна.
IDF-ийн хэвлэлийн алба мөн их бууны цохилт, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоргодох байранд орохыг Газын зурвасын оршин суугчдад хандан араб хэлээр уриалжээ.
Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Авихай Адрай мөн өөрсдийн аюулгүй байдлын үүднээс “оршин суугаа газраа нэн даруй орхих хэрэгтэй” гэж араб хэлээр анхааруулж “ХАМАС-ын дайралтын улмаас Израилын зэвсэгт хүчин тус бүлэглэлийн байрлалууд руу цэргийн ажиллагаа явуулах боллоо” гэжээ.
ХАМАС бүлэглэл өчигдөр өглөө Израил руу дайралт хийж, Израилын хотууд руу 5000 пуужин харваж, Газын зурвастай хиллэдэг Израилын суурин газрууд руу олон арван зэвсэгт дайчид агаараар ба газраар нэвтэрсэн байна.
Израилын талын мэдэгдсэнээр, Хамас бүлэглэл тус улс руу хоёр мянга гаруй пуужин харвасан байна.
Өчигдөр оройн байдлаар халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Израилын тал мэдэгдлээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.