“Идэр” их сургуулийн захирал, доктор Д.Зоригттой ярилцлаа
-БШУ-ны сайдын ярьж хэлж, мэдэгдэж байгаагаас үзвэл манай боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл ид хүчээ авч байгаа бололтой. Яг дотор нь байгаа, жаргал, зовлонг нь олон жил мэдэрч байгаа хүний хувьд танд дуугармаар зүйл олон байгаа байх?
-Яаманд ойр таних хүн надад байхгүй болохоор гаднаас нь, эрх биш боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд дотроос нь харж ганц нэг үг хэлэхийг бодъё. Л.Энх-Амгалан сайд салбартаа иж бүрэн шинэчлэл хийхийг оролдож, үүнийгээ зоримог шийдэмгий маягаар явуулахыг хичээж байх шиг байна. Цогц атлаа нэгэн зэрэг хурдтай зоримог хийнэ гэхээр амаргүй байж таарна. Гэхдээ хүмүүс чухам үүнийг л хүсэн хүлээсэн мэт. Дэмжигчид илүү байгаа бололтой. Мэдээж хэрэг аливаа өөрчлөлт нь тодорхой өвдөлт зовуурь өгдөг учраас хүн бүхэнд таалагдах боломжгүй.
-Саяхан Монголд их, дээд сургуулийн эрэмбэ чансааг анх удаа тогтоож зарлалаа. 61 сургуулийг байр эзлүүлэх шиг болсон. Танд энэ нь хэр шударга бодитой санагдсан бэ?
-Яам үүнийг гадны нэр хүндтэй байгууллага Times Higher Education-тай хамтарч хийлээ. Хоёрт нь үнэлгээнд чамгүй хугацаа, бараг бүтэн 6 сар зарцуулсан. Тэгээд ихэвчлэн баруунд сургууль төгссөн харьцангуй боловсрол, ёс зүйтэй мэргэжлийн хүмүүсийн багаар 3 удаа хянан баталгаажилт хийлгэж, их, дээд сургуулиудын долоон булчирхайг 272 үзүүлэлтээр ёстой нэг тэмтэрч үзэх шиг боллоо.
Тийм болохоор үнэлгээ үндсэндээ бодитой болсон гэж бодож байгаа. Яахав улс төрийн, сонгуулийн, бодлогын нөлөөлөл бага зэрэг, 5 орчим хувьтай байх шиг байна лээ. Юм л бол аргалах гээд байдаг, үргэлжийн гуйлга, дарамттай бие биеэсээ хамааралтай өнөөгийн орчинд үүнээс илүү бодитой байх боломжгүй л болов уу. Миний бодлоор анхны эрэмбэ чансааг ийм хэмжээнд тогтооно гэдэг том дэвшил гэж харж байна.
-Боловсролын шинэчлэлд яг ямар тодорхой бодлого дутагдаж байна вэ?
-Одоо явж байгаа бодлогын үндсэн чиглэл, олон зүйлийг дэмжмээр байгаа. Нэмж сайжруулахын тухайд бол дээд боловсролын салбарт үнэ чөлөөлөх цаг нь болсон гэж боддог. Төрөөс үнийг нь барьсаар байгаа магадгүй ганц салбар нь дээд боловсрол учраас үүнийг эрт орой нэгэн цагт хийж төрийн өмчийн сургуулиуд сургалтын төлбөрөө өөрсдөө тогтоодог болно байх.
Өөр нэг хэлэх зүйл бол дэлхий дахинаа эдүгээ хэн нь хэнийгээ сургах вэ гэсэн хүчтэй өрсөлдөөн явж байна. Өөрөөр хэлбэл боловсрол бол томоохон бизнес гэсэн үг. Мөнгөө гадагш гаргах уу, эсвэл гадаадын оюутнуудыг олноор сургаж мөнгийг оруулж ирэх үү гэдэг дээр төрийн бодлого баймаар байгаа юм. Дэлхийн олон улс гадаад оюутан сургаж байгаа сургуулийг янз бүрийн хэлбэрээр, үгүйдээ л бодлогоор дэмжиж байна. Манайх ч ялгаагүй, энэ чиглэлд алхам хийж, боловсролын экспортыг дэмжих цаг болсон.
Бас кампусын хувьд анхаармаар зүйлүүд байдаг. Нийслэлээс холдох орон зайн хувьд, суралцагсад оюутных нь тухайд ч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бий болгох үүднээс ч энэ асуудлыг уламжлалт хэвшмэл ойлголтоос их өөрөөр хармаар юм билээ.
-Хувийн хэвшлийн боловсролын байгууллага бол зах зээлийн тогтолцооны салшгүй нэг хэсэг. Уг нь төр дэмжих ёстой. Дэмжиж сүйд болдоггүй юмаа гэхэд үйл ажиллагаанд нь саад болох ёсгүй гэж би хувьдаа боддог. Та бүхэн ямар нөхцөлд ажиллаж, оршин тогтнож байна вэ?
-Би өөрөө энэ чиглэлд ажиллаж байгаа болохоор хувийн сургууль ийм ийм юмаараа сайн гэж олон зүйл ярьмааргүй байна. Хөндлөнгийн байр суурь биш учраас тийм их үнэмшилтэй санагдахгүй. Зарим хүмүүс хувийн сургууль гэхээр орлогоо өөртөө зарсан, гэр бүлээ баяжуулах гэсэн өчүүхэн бодолтой нөхөд гэж хардаг юм билээ. Иймд энд зөвхөн нэг л зүйлийг тэмдэглэж хэлье. Өнөөдөр Монголын зарим хувийн сургууль энэ “өчүүхэн” бодол, нялхсын өвчнөө даваад нэг үеэ бодоход овоо өсөж бойжсон байгаа.
Нөгөө талдаа төрийн сургуулийн тухайд ч бас сул тал байж л байдаг. Хаа л газар төрийн өмчийн тухайд тохиолддог нэг бэрхшээл нь түүний үр ашиггүй байдал юм. Хичнээн ч их хөрөнгө оруулаад тийм их үр дүн гардаггүй. Жишээ болгож тэрбум төгрөгөөр нэг лаборатори тохижууллаа гэж саная. Төрийн сургуулийн тухайд энэ нь үр өгөөж өгсөн эсэхийг үл сонирхон тэндээ байж л байдаг. Харин хувийн хэвшил бол өөр, үр өгөөжгүй байх л юм бол удаан хүлээхгүй солино, хувиргана, зарна. Өөр нэг ноцтой зүйл нь төрийн эзэнгүй өмч нь завшигч хуйвалдагчдыг цаг тутам төрүүлж байдагт оршино гэсэн хэлц үг хүртэл бий. Энэ нь их сургуульд ч мөн хамаатай. Ийм болохоор Монголд зөвхөн төрийн өмчийн сургуулийг л цааш дэмжээд явъя гэвэл энэ нь тийм ч гялалзсан үр дүнд хүргэхгүй байж мэднэ.
-“Идэр” их сургуулийн бодлого, үйл ажиллагааны онцлогоос дурдана уу? Танай сургуулийн давуу талыг олж харсандаа залуус сонгодог гэж бодож байна?
-Манай “Идэр” их сургуулийн онцлог нь магадгүй түүний гадаад харилцаа юм болов уу. Баярламаар зүйл нь олон хүмүүс, ялангуяа залуу үеийнхэн ‘хамгийн сайн гадаад харилцаатай’ гэдгээр нь “Идэр”-ийг мэддэг болж. Гэвч дэлхий дахинтай өргөн харилцаатай олон байгууллага манайд бий. Сургуулиуд ч байдаг байх. Бидний онцлог нь аливаа харилцааг эхлүүлэхдээ энэ нь “Идэр”-т гэхээсээ илүү оюутанд ямар ашигтай вэ гэдэг өнцгөөс хардаг. Английн боловсролын байгууллагатай ч байна уу эсвэл Японы нэг аяллын компанитай гэрээ байгуулахдаа, юуны өмнө оюутанд ирэх үр өгөөжийг хамгийн их байлгах тал дээр анхаардаг гэсэн үг. Ийм зарчмаар гадны түншээ сонгож, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба үүнийгээ бид оюутанд нэн ашигтай олон улсын хөтөлбөрүүд гэж нэрлээд байгаа юм. Япон, Солонгос, Хятад, Англи, Америк, Австрали гэх мэт оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрт хамрагдагсдын тоог нэн ойрын үед мянгад хүргэх, Монголын мянган гэр бүлд сургалтын төлбөрийн дарамт үзүүлэхгүйгээр хамгийн багадаа 20 тэрбум төгрөгийн орлого оруулах зорилт маань ч хэрэгжих дөхөж байна. Энэ нь зөвхөн мөнгө, орлого талдаа манайханд ирж байгаа ашиг юм. Цаана нь юм үзэж, нүд тайлсан, хэл сурсан гээд олон ач тус бий.
-Энэ олон жилд таны боловсролын салбарт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт, өөрчлөлт юу вэ?
-Бид бусдаас илүү гарах гэж шууд өрсөлдөөнд ордоггүй. Яагаад ч юм Монголын их дээд сургуулиуд сөргөлдөж бус харин хамтарч байж амжилтанд хүрэх юм шиг санагддаг. Бид “Идэр”-ийн зорилгыг хуваалцаж байгаа, манай соёлыг дэмжиж байгаа бүх түнш, их дээд сургуультай хамтарч ажиллахад бэлэн байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай энэ нээлттэй соёлыг дэмжиж 8 их дээд сургууль “Идэр”-т нэгдсэн. Хэдийгээр нэр маань “Идэр” гэж байгаа ч эдгээр сургуулиудын багш, оюутан, төгсөгчид бүгд хамтдаа явж байна. Ямар ч танай, манай, хуучин, шинэ гэж байхгүй, ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй гэж ойлгож болно. Хэрэв та дээд боловсролд оруулсан бидний хувь нэмрийг сонирхож байгаа бол тэр нь юуны өмнө энд ярьж буй их сургуулиудын хамтын нөхөрлөлийг бий болгосон явдал юм. Манай нээлттэй соёл, цаашид ч улам хэвшин батажна гэж бид найдаж байгаа.
Өөрчлөлтийн тухайд “Скийл тэмүүлэл-2030” хөтөлбөрийг нэрлэмээр байна. Хэдий амаргүй байлаа ч их сургууль хайрцагнаасаа гарч сэтгэх, хэдий дасаагүй байлаа ч багш нар танхимаасаа үе үе гарч явах, хэдий шинэ байлаа ч оюутнууд цалинтай дадлага хийх шаардлагатай нийгэм маань нүүр тулж байна. Ингэж л байж бид оюутныхаа мэргэжлийн чадварыг ихээхэн дээшлүүлж чадна гэж үзэж байгаа. Сүүлийн үед манайхан “Их сургууль зөвхөн хашаан дотроо байдаггүй” гэж ярих дуртай болсон. Үйлдвэр аж ахуйн түнш нар маань ч наашаа их ирэх шинжтэй. Мэдээж хэрэг нэг дугтралтаар, нэг арга хэмжээгээр хийгдэх зүйл биш боловч манайхан энэ чиглэлд эхлүүлсэн өөрчлөлтөө алхам алхмаар урагш нь ахиулж л явна.
-Жил гаруйн өмнө та хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо ёс зүйтэй, сайн хүн гараад нэмэргүй болсон. Оюунаар биш булчингаар, бодлогоор биш фракцаар, эвээр биш мөнгөөр шийдье гэсэн урсгал, хүчтэй давалгаа бий болжээ. Энэ нь нэг л мэдэхэд амьдралын хэм хэмжээ болж биднийг босовч, суувч дагалдана. Эхлээд намын соёл байснаа төрийн соёл болон хувирч, улмаар олон нийтийн сэтгэлгээний хэв маяг болтлоо түгсэн байна. Тэгэхээр одоо нэг ариун хүн гараад юу ч өөрчлөгдөхгүй. Цаад орчин нь, нуур нь бохирдсон. Цагаан чулууг замагтай заваан усанд шидвэл яаж ч харсан ногоон туяатай л үзэгдэнэ шүү дээ” хэмээж байсан. Энэ байр суурь чинь жаахан ч гэсэн өөрчлөгдсөн үү?
-Байдал хүнд байгаа, одоо дууссан гээд суугаад байвал мэдээж хэрэг юу ч өөрчлөгдөхгүй, энэ тохиолдолд биднийг зөвхөн мөхөл, сүйрэл угтана. Эсвэл жаахан ч гэсэн зүйлийг өөрчлөөд үзье гээд ядаж нэг хоёр хүн босоод ирвэл бусад нь дагаж магадгүй. Ядаж энэ нь зөв эхлэл, эерэг хандлага болох юм. Хэдийгээр улс орны хувь заяаны талаар заримдаа баргар бодол төрөх үе байвч би хувьдаа өөрийгөө өөдрөг үзэлтнүүдийн эгнээнд оруулан тоолох дуртай. Гэхдээ гэнэн өөдрөг үзэлтнүүдээс ялгаатай нь нөхцөл байдал амаргүй болсныг мэдэж байгаа, хүнд сорилтууд хүлээж буйг тооцож байгаа. Харин эцсийн дүндээ Монгол орон гэрэл гэгээтэй, хөгжингүй болно гэсэн итгэлээ алдахгүйг хичээж явна.
-Энэ Засгийн газар, Ерөнхий сайд авлигатай чадлынхаа хэрээр тэмцэж байгаа юм биш үү? Төрд ёс зүйн хэм хэмжээ тогтоох гэж хичээж байгаа харагдах юм?
-Тийм, тэгж байх шиг харагдаж байна. Юутай ч энд тэндгүй гоожоод, алдаад байсан мөнгөний уутны зарим цоорхойг битүүлж авав бололтой. Хүмүүс мэдээж түүнээс илүү их зүйлсийг хүлээж байгаа. Авилгачдыг илүү хатуу цээрлүүлж, тэднээс улам их мөнгө хурааж аваасай гэж бодож байгаа. Ер нь эдүгээ ядарсан олон түмний эцсийн найдвар Оюун-Эрдэнэ болоод байх шиг байна. Усанд живж яваа хүн түүний дээгүүр хөвөгч өвснөөс хүртэл зуурч авдагтай л адил.
Гэтэл ээлжит сонгууль дөхөж байдаг. Үүний өмнө нам дотроо томоохон зодоон үүсгэж, гал гаргахыг эрх баригчид хүсэхгүй л болов уу. Ер нь авилгатай үзнэ гэдэг нь 1-2 жилийн бус нилээд удаан хугацааны тэмцэл болж таарна байх. Энэ тухайд одоогийн Засгийн газарт тодорхой ойлголт, стратеги байгаа юм уу гэж надад ажиглагддаг. Нэг их сүржигнэхгүй, тэгсэн мөртлөө бууж өгөхгүй тууштай шахалт анзаарагдаж байна. Энэ нь ч зөв байх.
-Ер нь эрх баригч нам, Л.Оюун-Эрдэнийн бодлого, үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ? Сайн болон саар талыг нь нэрлээч?
-Өнөөдөр улс орнууд хөгжлөөрөө уралдаж байна гэж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ нь аль Засгийн газар хамгийн хурдан ажиллаж байна гэдгээс их зүйл хамаарч байна. Миний бодоход Монгол төрийн, ялангуяа Засгийн газрын зүгээс шийдвэр гаргах хурд сүүлийн жилүүдэд овоо сайжирсан. Энэ бол одоогийн Засгийн газрын хамгийн сайн талын нэг байх.
Нөгөө талдаа e-mongolia, e tax гэх мэтээр цахимжих үйл явц өрнөхийн хэрээр олон ажлын байрны хэрэгцээ үгүй болж байна. Одоо дараагийн асуудал бол цалин авч байгаа боловч тодорхой, гүйцэтгэх үүрэггүй болсон төрийн албан хаагчдаа яах вэ гэдэгт байна. Ажил хийж байгаа 4 хүнд бараг нэг төрийн албан хаагч ногдож байгаа нь хэт өндөр тоо байж мэднэ. Тодорхой чиг үүрэггүй болсон төрийнхөн ажил хийсэн болж харагдахын тулд чадах нь хувийнхнаа л дарамталж байна. Бараг 7 хоног бүр төрийн аль нэг байгууллагын бичиг, хүснэгт, дарамт, шахалт, шалгалт ёс юм шиг л ирнэ. Ийм тохиолдолд Монголын хурдтай хөгжлийн тухай ярихад хэцүү болоод ирж байгаа юм. Сүүлийн үед төрийн зөв зүйтэй зохицуулалт хийгдэж байгаа нь сайн боловч үүнийг цааш хавтгайруулж, төрийн зүгээс байгууллагын ажилд байнга хутгалдаж орох явдалд хүргэж болохгүй. Анхаарч үзээсэй гэж бодоод хэлэх зүйл бол юуны өмнө энэ л байна.
-Та хэдийгээр боловсролын системд ажиллаж байгаа ч улстөрөөс хараагаа салгаж чаддаггүй байх. Яагаад гэвэл одоогоос 20 гаруй жилийн өмнө улстөрийн намын даргаар томилогдон ажиллаж байсан. Би улстөрд байсан бол ингэж ажиллах байсан даа гэх бодол төрдөг үү?
-Тийм бодол төрдөггүй. Тухайн үед улс төрд явсан маань өөдрөг үзэл, сайн санаааны үүднээс юм. Одоо бол цаг их хувирчээ. Хүмүүс илүү прагматик болж. Би гол дүрд тоглоё гэж хүн бүр хөөрцөглөхөөс илүү гол дүрд сайн тоглож яваа нэгнээ тал талаас нь дэмжвэл хамтдаа илүү амжилтанд хүрч болох юм гэдгийг ойлгох цаг ирсэн байна.
-УИХ-ын гишүүдийн тоог 126 болж нэмэгдүүлсэн шийдвэр ард түмэнд төдийлөн таашаагдаагүй. Эрх баригч МАН хүч түрээд л шийдчих болсон. Ер нь тэгж ойлгосон хүн олон. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанаас улс орны хөгжил хамаарах нь дамжиггүй. Гишүүдийн тоог нэмснээр эерэг үр дүн гарах болов уу?
-Энэ шийдвэр нь парламентийн төлөөллийн ба мэргэжлийн чадварын аль алиныг орхигдуулахгүй байя гэсэн саналуудыг нэгтгэсэн консенсус маягийн дундаж хувилбар юм гэж ойлгосон. Хэрэгжээд эхлэхээр эерэг, сөрөг талуудын аль аль нь харагдаж эхэлнэ байх. Ажил нугалах гишүүдийн тоо нэмэгдэх боловч нөгөө талдаа хийдүүлэгч нөхдийн тоо ч өсөх магадлалтай. 19-хөн хүн сууж байгаад батлах бололцоогүй болж байгаа тул хуулийн хэлэлцүүлэг чанар харьцангуй дээшлэх болов уу гэж харж байна.
-Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг гэдэг үг бий. Сонгогчдын боловсролоос төр засгийн чадамж шалтгаалаад байгаа юм бол дараагийн сонгуулиудаар ч үр дүн гарахгүй юм биш үү? Чадамжтай, оюунлаг, ёс суртахуунлаг төрийг бүрдүүлэхийн тулд юу шаардлагатай вэ?
-Ард түмэн ямар байна, төр засаг нь яг тийм гэдэг бол үнэн. Ийм болохоор ойр ойрхон сонгууль хийдэг практикийг өөрчилмөөр байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг 6 жил болгосон нь эхний зөв алхам. Одоо УИХ-ын сонгуулийн хугацааг ч багадаа 6 жил болгох хэрэгтэй. Ингэж байж төр засаг тогтвортой, арай илүү чадавхитай болно. Ер нь боловсрол нимгэн ард түмэнд улс төрийн, сонгуулийн эрх гэхээсээ илүү, эдийн засгийн эрх чөлөөг нь илүү чөлөөтэй нээж өгмөөр байгаа юм.
-Нэг нам парламентад хэт олонх байх нь дарангуйллын тогтолцоо руу шилжих аюулд хүргэдэг гэж сөрөг хүчин байнга хашгирдаг. Төр засаг тогтвортой байх ёстой. Ингэхийн тулд дөрөв, дөрвөн жилээр эрх баригч намыг солих нь дэмий ч юм шиг. Таны бодлыг сонсоё?
-Улс төрийн тогтвортой байдал алдагдвал үймээн бужигнаан үүсэн хүмүүсийн харилцаанд хүч чадалтай нь дийлэх ширэнгийн хууль үйлчилж эхэлнэ. Харьцангүй тайван оронд амьдарч ирсэн монголчуудад бол бодохоос аймаар зүйл. Ийм болохоор тогтвортой байдал гэдэг нь нийгмийн нэг чухал үнэт зүйл болж байгаа юм. Энэ үүднээс миний хувьд аливаа огцруулъя гэсэн жагсаал цуглааныг яаран дэмждэггүй, аль ч засгийн үед.
Жирийн иргэдийн хувьд бол намын тогтвортой байдал гэхээсээ илүү бодлогын, эрх зүйн тогтвортой байдал, ер нь цаашид юм савлахгүй гэсэн баталгаа л хамгийн чухал. Миний стратеги, үндсэн санааг маань ач хүү маань ч үргэлжлүүлж болох юм гэсэн итгэл үнэмшил төрж болохоор тийм нийгэмд амьдармаар байгаа юм.
-Одоо улстөрийн сэдвээ таслаад өөр сэдэв рүү ороё. Нийгмийн сэтгэлзүй савалгаатай, ард түмний ааш араншин нэлээд эвдэрсэн гэж болохоор байна. Сошиал ертөнцөд буцалдаг хэрүүл уруул, атаа жөтөө, “алалцаан” бодит амьдрал дээр ч өрнөж байна. Монголчуудын соёл, ухамсар, ёс суртахуун яагаад ийм дор орчихов оо? Засах ямар гарц байна вэ?
-Эдүгээ хүмүүс хууль хэрэгжихгүй юм гэж их л үглэх юм. Үнэндээ бол цаад суурь нь хүчтэй ганхсан болохоор хэрэгжих үндэс бага л даа. Учир нь хууль журам гээч нь шүүх цагдаа гэхээсээ илүү ёс суртахуун дээр суурилдаг. Харин ёс суртахуун доройтсоны шалтгааныг ёстой янз бүрээр ярьж бичиж байна даа. Мэдэмхийрэгчид, номлогчид ч цөөнгүй гарч ирэх болж.
Мөнгөнөөс боллоо гэх хэсэг ч байна. Гэхдээ ёс суртахуун нь мөнгөтэй урвуу хамааралтай гэж шууд нотлоход хэцүү. Ганцхан жишээ хэлэхэд сүйрсэн титаник онгоцон дээр зорчиж явсан тухайн үеийн тэргүүн баячууд аврах завинд суух боломж байсан ч хүүхэд, ядарсан хүмүүсийн өмнүүр орохгүй гэж үлдээд живсэн байдаг. Ийм жишээ олныг дурьдаж болно. Миний бодоход манай эдийн засаг сэргэж, хүмүүсийн амьдрал дээшлэх үед нийгмийн ёс суртахуун яг одоогийн түвшнээс бол дээрдэнэ гэж үзэж байгаа. Тэр үеийг хүртэл бид чадах бүхнээ хийж ядаж таньж мэдэх хүмүүсийнхээ зөв жишээ байхыг хичээх учиртай болов уу. Ярих амар, байх хэцүү ч миний хувьд бол оролдож л байна, үгүй дээ л шавь нарынхаа өмнө.
-Таны яримаар зүйлийг асуулгүй орхисон бол уучлаарай. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Өө тийм асуулт байхгүй дээ. Тэр болгон энд тэнд ярилцлага өгөөд яваад байж чаддаггүй хүний хувьд харин ч их юм ярьчихлаа. Асуулт ирүүлсэн танай сайтын хамт олонд баярлалаа. Муруй хазгай гэж танай редакцийн зүгээс үзэхээр тийм зүйл байвал бүү засаарай. Энэ чигээр нь уншигчдад хүргэхийг хүсье.
Ярилцсан Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
Very interesting information!Perfect just what I was searching
for!Money from blog