Дональд Трампыг дэмжигч, Украинд цаашид тусламж үзүүлэхийг шүүмжилдэг Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдлоо.
Лхагва гарагт болсон санал хураалтаар түүнийг 220 гишүүн дэмжсэн бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Хаким Жеффрис 209 санал авсан байна.
Хэт барууны үзэл баримтлалтай бүгд найрамдахчууд өдгөө 51 настай М.Жонсоныг тууштай консерватив үзэлтэн, Дональд Трампыг дэмжигч гэж үздэг бол тус намын аядуу үзэлт гишүүд түүнийг “хуулийг хэлэлцэхэд ажил хэрэгчээр хандаж чаддаг, консерватив үнэт зүйлсийг дээдэлдэг прагматик, ухаалаг удирдагч” хэмээн үнэлж байна.
Харин Ардчилсан намынхан М.Жонсоныг хэт барууны үзэлтэй гэдэгт нь санаа зовниж байгаа бөгөөд тэрбээр 2020 оны сонгуулийн дүнг батлахын эсэргүүцэж, Трампад хандан “тэмцлээ үргэлжлүүлж”, “хууль эрх зүйн боломжит бүх арга хэрэгслийг шавхан ашиглахыг” уриалж байсныг дурдаж байна.
М.Жонсон үр хөндүүлэх эрх, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэх зэрэг улс төрийн хэд хэдэн асуудлаар хатуу консерватив байр суурийг баримталдаг. Мөн АНУ-аас Украинд цаашид тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг улстөрч юм гэж үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.