Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд “Лифтний насжилт, ашиглалтын төлөв байдлын судалгаа”, “Нягтаршил өндөртэй орон сууцны хорооллын стандарт хүртээмжийн судалгаа”, “Газарзүйн мэдээллийн системд суурилсан олон шалгуурт шинжилгээний аргаар үерийн эрсдэлийг тодорхойлох нь” зэрэг илтгэл шилдгээр шалгарсан юм.
Мөн “Барилгын салбарын эрх зүйн орчныг сайжруулах” тухай илтгэлд салбарын асуудлаар хууль эрх зүйн хүрээнд тусгагдаагүй зарим асуудлыг хөндөж, судлан гаргасан нь оновчтой байв. Тодруулбал, барилгын захиалагч, гүйцэтгэгчид тавих төрийн хяналтыг хэрхэн сайжруулах талаар, стандартын шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, үүнтэй холбоотой иргэний өмчтэй байх эрхийг хангах үүднээс Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулсан байна.
Тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар албан хаагчид харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадварыг сайжруулах, байгууллагын зүгээс мэргэжилтнүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР