Испанийн Ерөнхий сайдын албыг дахин хашихын тулд Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдэд өршөөл үзүүлэх гэсэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчесын төлөвлөгөөг эсэргүүцэн орон даяар хэдэн арван мянган хүн ням гарагт жагслаа.
2017 онд Каталоны тусгаар тогтнолыг тунхаглахыг оролдсон улс төрчдөд өршөөл үзүүлэх тухай хуулийг батлуулах асуудлаар “Каталоны төлөө хамтдаа” (Junts) намтай Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоо улс орныг бүхэлд нь цочирдуулж, П.Санчесын консерватив Ардын намын (PP) өрсөлдөгчид түүнийг “өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс хууль дээдлэх ёсыг гажуудуулсан” гэж буруутгажээ.
“Шинээр сонгууль явуулахаас нааш бид дуугүй суухгүй” гэж “РР” намын дарга Альберто Нунез Фэйжоо Мадридын Пуэрта-дель Соль талбайд цугларсан олонд хандан мэдэгджээ.
Мадрид хотод 80 мянган хүн жагсаалд оролцсон гэж эрх баригчид мэдэгдсэн бол эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалсан “PP” намын үзэж байгаагаар, Испани даяар нийт нэг сая орчим хүн жагссан байна. Олон хүн Испани, ЕХ-ны туг далбаа, мөн “Үндсэн хуулийг хүндэтгэ” гэсэн уриа лоозон барьсан байлаа. Эрх баригчдын мэдээлснээр, Барселон хотод 6 мянган хүн, Гранада хотод 30 мянга, Севильд 50 мянган хүн жагсаалд оролцжээ. Мөн Малага, Пальма, Валенсиа зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Долоодугаар сарын 23-нд болсон сонгуулийн дараа П.Санчесын тэргүүлдэг социалист нам олонх болохын тулд хэт зүүний Сумар, Каталон, Галисын болон Баскийн жижиг намуудтай хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Junts”, түүнчлэн Баскийн Үндэсний үзэлт нам дэмжсэнээр ойрын өдрүүдэд болох санал хураалтаар П.Санчес 350 гишүүнтэй доод танхимд үнэмлэхүй олонх болох төлөвтэй байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.