Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.
Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм. Одоогоор туршилтын байдлаар, нийгмийн хариуцлагын хүрээнд 2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд лед гэрлэн гарцыг хийсэн бөгөөд цаашид мөн хурд сааруулагчийг сайжруулахаар төлөвлөжээ.
“Алтан нутуг гэрэгэ” ХХК-ийн захирал Т.Сансар “Гэрлэн гарцыг байршуулснаар зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахад нөлөөтэй гэж үзэж байгаа. Хар бараан өнгийн хувцастай хүнийг жолооч нар харанхуйд 20 метрийн зайнаас хардаг гэх судалгаа бий. Жолоочийн самбаачлах хугацаанаас шалтгаалж осол гарах эрсдэл өндөр байдаг. Лед гэрлэн гарцын гэрэл бараан хувцастай хүний дээрээс тусаж байгаа тул жолооч нарт явган зорчигчийг харах боломжийг тодорхой хэмжээнд хангаж өгнө. Монголд анх удаа хийж байгаа, туршилтын хувилбар тул илүү сайжруулна” гэлээ.
Ташрамд дурдахад, ОХУ 2019 оноос эхлэн “Аюулгүй чанартай зам” үндэсний төслийг хэрэгжүүлж, явган хүний гарцын үзэгдэх орчныг сайжруулах зорилгоор лед проекторыг ашиглан явган хүний гарцын үзэгдэлтийг сайжруулж байжээ. Энэ нь шөнийн цагаар явган хүний гарцын тэмдэглэлийг тодруулах, явган зорчигчийн харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилготой байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС