ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг өнгөрөгч баасан гарагт хүрсэн тохиролцооны хүрээнд талууд ням гарагт шилжих шөнө хоёр удаагаа солилцлоо.
Барьцаанаас сулласан хүмүүсийг Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн гэж ХАМАС бүлэглэл мэдэгджээ. Тэднийг Газын зурвас, Египетийн хилийн “Рафах” шалган нэвтрүүлэх боомт руу илгээсэн бөгөөд ням гарагт шилжих шөнө Израилд ирсэн болохыг Израилын цэргийнхэн мэдээлсэн байна. Палестины бүлэглэл 17 хүнийг барьцаанаас сулласны 13 нь Израилын иргэд, дөрөв нь Тайландын иргэд аж. Хэлэлцэн тохиролцсоны дагуу Израилаас Палестины 39 хоригдлыг суллажээ. Тэднийг тээвэрлэж явсан автобусууд 2:30 цагийн орчимд Баруун эргийн Бейтуния хотод ирсэн байна.
Бямба гарагт ХАМАС бүлэглэлийнхэн Израилыг Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэхэд саад учруулсан гэж буруутгасны дараа талуудын хүрсэн тохиролцоо нурах аюулд ороод байсан ч зуучлагчдын хүчин чармайлтаар уг маргааныг зохицуулж чаджээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.