Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБХХ хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан шийдэл боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж буй.
Нийслэлийн Засаг даргын орлогч О. Номинчимэг “Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдлыг цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Хамтын ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд эхлүүлэх болно” хэмээлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилт хүн бүрд хүрч, тэгш хүртээмжтэй байхад анхаарна. Мөн нийслэл дэх өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулахад онцгой анхаарч байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС