Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хэлэлцүүлэг Удирдлагын академи дээр боллоо. Уг хэлэлцүүлэг дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого” сэдвээр сонирхолтой мэдээлэл хийсэн юм. Тэрбээр ковидын дараах хоёр жилд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт эерэг гарч байгааг тоон баримт түшиглэн график үзүүлэлтээр танилцуулаад “Энэ бол Засгийн газрын зөв бодлогын үр дүнд гарч буй эерэг үзүүлэлт юм” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх чиглэлээр төр засгаас авч буй арга хэмжээний үр дүнд 2022-2023 онд хөдөлмөрийн зах зээл өсөлттэй гарч байна гэсэн үг. Үүнийг дагаад ажилгүйдэл буурсныг ч С.Дамбий тэмдэглэсэн.
2020 онд БНСУ-д 39.982 Монгол хүн ажиллаж байсан бол 2022 онд өсч 50.153-д хүрсэн. 2020 онд АНУ-д 19.170 Монгол хүн амьдарч байсан бол 2022 онд 30.137 болсон. Японд 2020 онд 8772 Монгол хүн байсан бол 2022 онд 15884-д хүрсэнийг С.Дамбий илтгэлдээ тодорхой дурдсан юм. Тэрбээр чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал чухлаар хөндөгдөж байгааг ч мөн онцолсон.
Д.Дорж