Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хотын шинэ даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Улмаар маргааш НИТХ-ын хуралдаанаар 2020 хүн хүртэл нийслэлийг удирдах хүнийг тодруулах юм. Одоогоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, хотын даргын орлогч асан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, одоо хотын даргын үүргийг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан нарын нэр тод сонсогдож байгаа юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан ч өөрөө санаатай байгаагаа нуугаагүй.
Д.Амарбаясгалангийн хувьд 1981 онд төрсөн харьцангуй залуу намын зүтгэлтэн. МАН-ын хэвлэл мэдээллийн албаны даргаас улстөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. 2012 оны сонгуулийн дараа МАН-ыг сөрөг хүчин болоход ажлаа өгсөн ч удалгүй намын Нарийн бичгийн дарга болж, улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн М.Энхболдыг МАН-ын дарга байхад Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож билээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 60 тэрбумыг эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсан ч нэр дэвшигчээ ялагдсаны дараа байр сууриа өөрчилж “60 тэрбумын асуудал бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэж үзэж байсандаа уучлалт хүсье’ хэмээн олныг гайхшруулаад авсан удаатай. Түүнийг У.Хүрэлсүхийн талын хүн гэдэг.
Харин Б.Мөнхбаатар өмнө нь нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. “Оюу толгойн’ ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээ өргөдлөө өгч байлаа.
Ж.Батбаясгалангийн тухайд 1983 онд төрсөн. 2004-2008 онд Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан. 2016 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм. С.Батболдыг ажлаа өгсний дараа хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Юутай ч хэн гэдэг хүнд нийслэлийн хувь заяаг даатгах нь маргааш тодорхой болно.
Д.Дорж