Долоо хоногийн өмнө болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон гэж үзсэн тул олон мянган хүн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан ням гарагт Белград хотын төвд жагсжээ.
Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулиар эрх баригч популист Сербийн дэвшилт нам (SNS) нийт сонгогчдын 46.72 хувийн санал авсан байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт олон улсын ажиглагчид мэдээлэхдээ, тус намыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт давуу эрх олж авсан, Ерөнхийлөгч Александр Вучич нөлөө үзүүлсэн, мөн санал худалдаж авах зэрэг санал хураалтын зөрчил гаргасан гэжээ. Харин А.Вучич сонгууль шударга болсон гэж мэдэгдсэн байна.
Ням гарагт орон нутгийн сонгуулийн хороо байрладаг Белград хотын захиргаа руу олон хүн дайран орохыг оролдсон байна. Жагсагчдын зарим нь чулуу шидэж, зарим нь барилга руу авирч цонхыг нь хагалжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашигласан байна.
Дотоод хэргийн яам жагсагчдад хандан “Хотын захиргаа руу дайран орохгүй байхыг” уриалжээ.
“Бид тайван замаар хариу арга хэмжээ авч, жагсагчдыг хохироохгүй байхыг хичээж байна” гэж А.Вучич өчигдөр орой үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Зүүний төвч үзэлт сөрөг хүчний эвсэл болох “Хүчирхийллийн эсрэг Серби” 23.56 хувийн саналаар хоёрдугаарт, “Сербийн социалист нам” 6.56 хувийн саналаар гуравдугаарт орсон байна.
Орон нутгийн цагаар оройн 22 цаг орчимд цагдаа нар жагсагчдыг хотын захиргааны байрнаас түрэн холдуулжээ.
“Хүчирхийллийн эсрэг Серби” эвслийн гишүүн Мариника Тепич сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж өлсгөлөн зарласан байна гэж Ройтерс мэдээлсийн МОНЦАМЭ уламжиллаа.