“Халамжаас хөдөлмөрт” буюу ХХҮЕГ-ын 2023 оны үйл ажиллагааны үр дүн анхаарал татав
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ 2023 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийжээ. Улирч буй онд тус байгууллага гадаадад ажиллах хүч гаргах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийхэд анхаарч ажилласан нь хамгийн түрүүнд анхаарал татлаа. Тухайлбал, БНСУ, Япон улсад ажиллах хүчнээ илгээсний үр дүнд олон айл өрх, хувь хүний амьдралын чанарт өөрчлөлт орж эхэлжээ. Нарийн гаргасан тоо баримтаар бол манай улсын 943 өрх, иргэний амьдралын чанар сайжрах боломжтой болсон байна. Хамгийн гол нь үүнийг дагаад хөдөлмөрийн болоод хүний нөөцийн чадавхи дээшилж, өндөр хөгжилтэй орны техник технологиос суралцах боломж нээгдэж байгаад ач холбогдол нь оршино гэж харлаа. Зөвхөн гадаад орон руу ажиллах хүчээ явуулаад зогсохгүй эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн төлөө тусгай хөтөлбөр боловсруулан үр дүнтэй ажил зохиожээ. Өөрөөр хэлбэл тэдний туршлагыг хуваалцахаас гадна хөдөлмөр эрхлэх нөхцлийг нь бий болгох чиглэлд ХХҮЕГ гайгүй сүрхий ажил зохиож. Ганц хоёрхон жишээ татахад эх орондоо эргэн суурьшсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор зорилтот хөтөлбөр санаачилж, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-т арга хэмжээ хэлбэрээр батлуулан хэрэгжүүлсэн байгаа юм. Гадаад улсад ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн энэ бол сайхан завшаан. Яагаад гэвэл сурч ирсэн туршлага, мэдлэгээ эх орондоо чулуу болгоно шүү дээ. Тэр нөхцлийг нь төрийн байгууллага гаргаад өгчихөж байгаад алга таших хэрэгтэй. Бас БНСУ-д 2004-2007 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо эргэн суурьшсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд БНСУ-аас 32 иргэнд нийт 58,862.910 вон буюу 155,986,711.5 төгрөгийн даатгалын шимтгэлийг буцаан олгуулсан байгаа юм. Хэрвээ энэ хүрээнд ажил санаачилж, араас нь гүйгээгүй бол энэ их хэмжээний мөнгө эзэддээ хүрэхгүй байсан нь ойлгомжтой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг хангахад ХХҮЕГ өнгөрч буй онд нэлээд олон томоохон ажил хийсэн нь мөн анхаарал татахаар байна. Өөрөөр хэлбэл, халамжаас татгалзаж хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд тус байгууллагынхан дарга цэрэггүй шинийг санаачилж ажилласны дүнд ганцхан жилийн дотор хөдөлмөр эрхэлтийн тоог нэмж чаджээ. Ажилтай бол орлоготой. Орлоготой болж гэмээнэ ядуурал буурна. Ядуурлыг дагаад халамж багасна, улмаар улсын эдийн засаг өснө. Энэ өнцгөөс нь олон айл өрх, иргэний амьдралын түвшинд өөрчлөлт хийж чадсан гэж хэлмээр байна. Тэр олон судалгааны мэдээллийг нэг бүрчлэн дурдвал бичих зүйлийн маань орон зай хэтрэх учир цөөн жишээг татахад 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд нийт 48111 иргэн хамрагдаж, 28189 иргэн ажлын байраар хангагдаж. Үүнд 44,947,873,142.0 төгрөгийг зарцуулжээ. Мөн Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкуудаар дамжуулан жижиг зээл олгох гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Улсын хэмжээнд 2023 оны 11 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулсан 3 банкаар дамжуулан нийт 897 иргэн, 104 аж ахуйн нэгжид 20,902,930,000 төгрөгийн зээл олгосноор 1954 иргэн ажлын байртай болжээ.
ХХҮЕГ “Халамжаас хөдөлмөрт” хэмээх алс ирээдүйг харсан зорилтын хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа зөв оновчтой төлөвлөн ажиллсаны үр дүнд 2023 оны ажил нь сайшаагдахуйц хэмжээнд хэрэгжсэнийг олон тоон мэдээлэл өгүүлж байна.
Д.Лхагвадорж