Даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Япон тэнгисийн эргийн Ишикава мужид зургаан хүн амиа алджээ.
Японы Цаг уурын агентлаг Япон тэнгисийн дагуу зарласан цунамийн бүх түгшүүрийг зөвлөмжийн түвшинд хүргэж бууруулсан байна. Гэхдээ дахин газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалж байна.
Ишикава мужийн хэд хэдэн хотод цунами ажиглагдсан байна. Тухайлбал, Важимад 120 гаруй см, Каназавад 90 см-ийн өндөр цунами үүсжээ. Ишикавагийн Цагдаагийн газраас мэдээлснээр, нэгэн өндөр настан нурсан байшингаас аврагдсаныхаа дараа нас барсан байна. Мөн өөр таван хүн амь эрсэджээ.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, байшин барилга нурж сүйдсэн 50 гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн барилгын нурангид олон хүн дарагдсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн Нийгата, Тояма зэрэг бусад дөрвөн мужид олон арван хүн гэмтэж бэртсэн талаар холбогдох албаныхан болон эмнэлгийн ажилтнууд NHK телевизэд мэдээлжээ.
Важима хотын төлөөлөгчдийн мэдээлснээр, хотын төвд гал түймэр гарсны улмаас 50 гаруй дэлгүүр, байшин сүйдсэн байна. Цаг уурын агентлагийн мэдээллээр, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт 100 орчим чичирхийлэл бүртгэгджээ.
Хими, Тояма мужийн Цагдаагийн газарт хэд хэдэн байршилд зам эвдэрч сүйдсэн мэдээлэл ирсэн байна. Оябе хотод мөн усны хоолой эвдэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Хими, Ишикава мужийн төлөөлөгчдийн мэдээлснээр, 100 орчим хүн хотын захиргааны байранд түр хоргодож байна.
Hokuriku Electric Power компани Ишикава мужийн Нанао хот дахь Nanao Ota дулааны цахилгаан станц дахь хоёр генератороо унтрааснаа мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр, Ишикава, Нийгата, Тояма мужуудад олон арван мянган өрх гэрэл цахилгаангүй болоод байна. Суман галт тэрэгний үйлчилгээ ч мөн саатсан бөгөөд Акита, Хокүрикү, Жоецү шугамуудын үйлчилгээг даваа гарагт хэсэгчлэн түр зогсооход хүрчээ.
Ишикава мужийн Шика атомын цахилгаан станцад дэлбэрэлт болж, ямар нэгэн зүйл шатаж буй үнэр гарсан гэж Цөмийн зохицуулалтын газраас мэдээлжээ. Оператор компанийн мэдээлснээр, трансформатороос эрчим хүчээ алдсан ч хоёр цөмийн реактор нөөц системийг ашиглан ажиллах боломжтой гэсэн байна.
Японы томоохон үүрэн телефоны компаниуд газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужуудын үйлчилгээ тасалдсан талаар мэдээлжээ. Тухайлбал, NTT West суурин утасны оператор компани Ишикава мужийн зарим хэсэгт интернэт болон IP утасны үйлчилгээ тасалдсан байж магадгүй гэж мэдээлсэн байна. Түүнчлэн яаралтай тусламжийн утасны үйлчилгээ ч мөн унасан байж болзошгүй гэдэгт санаа зовниж байна.
Хөрш орнуудад ч мөн цунамийн аюул нүүрлээд байна. Өмнөд Солонгосын цаг уурын албаныхан цунами ажиглагдсан гэж мэдэгдээд, дахин нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна. Тус улсын олон нийтийн телевиз далайн эрэг орчмын оршин суугчдыг өндөр газар луу нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Мөн Орос, Умард Солонгосын эрх баригчид ард иргэддээ сонор сэрэмжтэй байхыг уриалж байна МОНЦАМЭ мэдээллээ.