Нэг удаа өгсөн цус 3 хүний амийг авардаг гэдэг. Энэ утгаараа доноруудыг “Чимээгүй баатар” хэмээн нэрлэдэг нь чухам л нүдээ олсон өргөмжлөл юм. Өөрөөр хэлбэл, маш олон удаа цусаа бэлэглэсэн тэр эгэлгүй ачтан бидний дунд даруухнаар л алхаж яваа. 100, 100-гаас дээш цусаа бэлэглэж “Алтан донор, “Мөнгөн донор”, “Хүрэл донор”, бас Хүндэт донор цол хүртсэн тэр буянтай хүмүүс, “Бахархал” тэмдгийн эзэд маань хэзээ ч цээжээ дэлдэж өөрийгөө дөвийлгөдөггүй, хариу нэхдэггүй.
ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Хүндэт донорын эгнээ өргөжиж, одоогийн байдлаар бараг 2000-д хүрчээ. Гэхдээ эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага улам өсөөд байгаа гэнэ. Энэ нь өвчин эмгэг, осол аваарын тоо өсөх болсонтой холбоотой аж. Энэ утгаараа донор болоорой, элэг нэгтнээ авраарай гэж сэтгүүлчийнхээ хувьд монголчууддаа уриалмаар байна.
Зориуд цаг гаргаж Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан дотор, зүүн хойно орших ЦССҮТ-ийн төв байрыг зорилоо. Өдрийн 11 цагийн үед 19-50 орчим насны 10 гаруй хүн цусаа өгөхөөр ирээд байв. Үзлэг хийж байсан ЦССҮТ-ийн ДЗБТ-ийн эрхлэгч, их эмч Э.Тунгалагтуяатай хэдэн хором хөөрөлдөв.
-Цусны донор энэ нийгэмд маш хэрэгцээтэйг ойлгосон хүний нэг нь би. Яагаад гэвэл хүндээр өвчилсөн, осол аваарт орж цус алдсан хүнд хамгийн түрүүнд цус сэлбэх шаардлагатай. Цус бол дэлгүүрт зардаг ус, ундаа биш учраас цус цуглуулах, нөөцлөх шаардлага байнга гарч байдаг. Харин танай хамт олны уйгагүй хичээл зүтгэл, шинэлэг бодлогын ачаар бусдад амьдрах бэлэглэх сонирхолтой хүний тоо жилээс жилд өсч байгаа сайхан мэдээ байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?
-Бидний ажлын зорилго, онцлог, хөдөлмөр зүтгэлийн үр дүнг олж харж, ойлгож урмын сайхан үг хэлсэн танд баярлалаа. Тиймээ. Донор хүн бол амьдрал бэлэглэгч баатрууд юм. Зөвхөн нэг удаа өгсөн цус гурван хүний алтан амийг авардаг гээд бодохоор ингэж тодорхойлохоос өөр аргагүй. ЦССҮТ-ийн хувьд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, тэднийгээ алдаршуулах чиглэлээр байнга шинийг санаачлан, цаг хором бүр идэвхтэй ажиллахыг хичээн чармайж ирсэн. Энэ бол манай үйл ажиллагааны нэг үндсэн хэсэг юм. Үр дүнд нь донорын эгнээ өргөжиж, цус, цусан бүтээгдэхүүний хангалт, нөөц сайжирч байна.
Тодруулаад ярихад 2023 оны статистик үзүүлэлтээр цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 5505 нэгж буюу 20 хувиар, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16109 нэгж буюу 20 хувиар, эмнэлэгт олгосон цус, цусан бүтээгдэхүүний хэмжээ 2021 оны мөн үеэс 8649 нэгж буюу 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Статистикаас харахад цус өгөлтийн хувь хэмжээ сүүлийн хоёр жилд өсчээ. Гэхдээ эмнэлгүүдээс захиалах цусны тоо нэмэгдээд байгаа харамсалтай мэдээлэл байна. Өвчин эмгэг, эрхтэн солиулах мэс ажилбар, осол аваар, төрөлт, төрөхийн хүндрэл зэрэг асуудлуудаас болж цусны хэрэгцээ шаардлага өсөөд байгаа юм байна. Энэ талаар танаас хариулт авч болох уу?
-Цусаа бэлэглэх донорын тоо жилээс жилд нэмэгдэж, цус цуглуулалт нэмэгдэж байгаач эмнэлгүүдээс ирүүлж буй цус цусан бүтээгдэхүүний захиалга жилээс жилд мөн өсөж байна. Энэ нь хүн амын дунд цус, цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай өвчлөл болох хавдар, осол гэмтэл, төрөлтийн хүндрэл нэмэгдэж байгаатай холбоотой. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, тэр дундаа элэг шилжүүлэн суулгах мэс засал зэрэг эмчилгээний шинэ технологиуд нэвтэрч байгаатай ч мөн холбоотой.
Эмнэлгийн захиалга нэмэгдэх тусам цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр цус цуглуулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд үүсээд байгаа. Манай төв явуулын болон суурин хэлбэрээр цус цуглуулдаг. Юутай ч ажлын маань үр дүн гарч 2023 онд явуулын хэлбэрээр цус цуглуулалт 2022 оны мөн үеэс 16 хувиар өссөн. Харин суурин хэлбэрийн цус цуглуулалт 2022 оны мөн үеэс 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Яг өнөөдрийн байдлаар цус цуглуулалт хэвийн явагдаж байгаа ч О бүлэг буюу 1-р бүлгийн эмнэлгийн захиалга их байгаатай холбоотойгоор бүлгийн хамааралтай цусны нөөц бүрдүүлэх хэрэгцээний хүрээнд ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд ард иргэдийн дунд О бүлэг 40%, А бүлэг 23%, В бүлэг 30%, АВ бүлэг 7%-ийг эзэлдэг. Улсын хэмжээнд цусны нөөц бүрдүүлэх хэрэгцээ улам нэмэгдээд байгааг иргэд маань ойлгож, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж цусаа бэлэглээрэй гэж дахин дахин уриалмаар байна. Энэ бол яах аргагүй бодитой буянт үйлс юм шүү. Таны нэг л удаа бэлэглэсэн хүний цус гурвын гурван хүний аварна. Цус бол юугаар ч орлошгүй үнэт эрдэнэ. Тиймээс яаралтай хэрэг болсон хүнд нь бэлэглэгч донор та бол энэрэнгүй ачтан юм.
–Цус цуглуулах суурин төвүүд Улаанбаатар хотын хэмжээнд хэд байдаг бол?
-Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах 3 суурин төв ажилладаг. “Сүхбаатар” төв Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд, “Баянзүрх” төв Улсын хоёрдугаарт төв эмнэлгийн зүүн талд, “Дүнжингарав” төв Дүнжингарав худалдааны төвд тус тус ажиллаж байна. Энэ гурван төвд ажлын өдрүүдэд 08.30-13.00 цагийн хооронд донорууд маань ирж цусаа өгдөг юм. Мөн сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гарагт ажилладаг. Энэ сарын 13-нд “Баянзүрх” цус цуглуулах төв 09-13 цагийн хооронд ажиллана.
–Баярлалаа. Та бүхний хүний төлөөх үйлсэд улам их амжилт хүсье.
Д.Лхагвадорж