Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн орчимд хөрс, усны бохирдол ихээр үүсэж, энэ тухай гомдол санал 11-11 төв дээр тасралтгүй ирж байгаа. Тиймээс тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс ширний үйлдвэрлэл бус хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлэхээр зорьж байна. Мөн Эмээлт орчимд мал нядалгааг үйлдвэрийн аргаар бус гар аргаар хийж байгаагаас үүдэн арьс шир үнэгүйдэж, дахин ашиглаж боломжгүй болж байгаа. Энэ бүх асуудлыг цэгцлэхэд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төсөл чухал ач холбогдолтой” гэв.