Нийслэлээс автобус компаниудтай гэрээ байгуулсны нэгэнд захирал нь ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа “Сутайн буянт” компани оржээ. Энэ талаар нийслэлийн ХМОНХА-аас “Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгууллаа. Тодруулбал, “Эмсид” ХХК 45 автобус, “Сутайн буянт” ХХК 50 автобус, “Мяралзаа” ХХК 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан юм” хэмээн мэдээлэв.