УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Х.Булгантуяа уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “2023 оны 10 дугаар сарын 01-нд Төрийн ордонд болсон Ахмад настны Үндэсний чуулганы үеэр Ерөнхий сайд тэтгэвэр нэхээд суухаасаа илүү хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ахмадууд олон байгаа нь урамтай сайхан санагдлаа. Ажил хийх чадвар нь сулраагүй ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэйг онцолсон” гэлээ. Тэрбээр мөн “Залуучуудын хувьд төр бидний төлөө юу хийж өгөх вэ? гэж асууж байхад ахмадууд маань эсрэгээрээ бид төр, улсынхаа төлөө юу хийж бүтээх вэ? гэж санал тавьж байгаа нь сайшаалтай” гээд Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн шинэчлэн найруулах төсөл УИХ дээр яригдаж байгааг тодотгов. Мөн ахмадын хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хүн хүч дутмаг байгаа салбарууд, тухайлбал эрүүл мэнд, боловсролын салбарт ахмад мэргэжилтнүүдийг цагаар авч ажиллуулах асуудлыг бусад яамдуудтай ярьж байгааг тэмдэглэлээ.
Зарим залуус ажил хийх сонирхолгүй болсон нь нийгмийн эмзэг сэдвийн нэг болоод байгаа учир ахмадууд та бүхэн залуустаа хандаж ажил хөдөлмөрт уриалах хэрэгтэйг Х.Булгантуяа сайд хэллээ. Өөрөөр хэлбэл, соён гэгээрүүлэх бодлогод ахмадууд хүчтэй оролцохыг уриалав.
Түүнчлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр Халамж, Хөдөлмөрийн гээд дагалдах 7 хуульд өөрчлөлт оруулах талаар мэдээлээд Монголын ахмадын холбооноос энэ хүрээнд саналаа өгөхийг хүслээ. Түүнчлэн ахмад настны эрх ноцтой зөрчигдөх тохиолдол гарч байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлж, хуульч ахмадууд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хүчтэй дуу хоолой болох шаардлагатайг онцлов.
Дүүрэг болгонд дундын буюу ахмад, залуу үед зориулсан спортын байгууламж хэрэгтэй байгаа талаар Х.Булгантуяа жишээ татан тайлбарлаж, тэтгэврийн зөрүү, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой яамнаас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийсэн юм.
МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настны эрх зөрчигдөж байгаад төр, хувийн хэвшлүүд хамтарч дорвитой арга хэмжээ авах цаг болсон хэмээгээд хүүхэд залуусын хүмүүжил эвдэрч, ахмад хүнийг хүндлэх ухамсар өдөр ирэх бүр арилж байгаад дээр, дооргүй анхаарал хандуулах цаг болсныг тэмдэглэлээ. Мөн тэтгэврийн зээл гэдэг ойлголтыг бүрмөсөн зогсоож, ахмадууд шаардлагатай үедээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ хүүгүйгээр урьдчилж авдаг системд шилжих санал тавив.
МАхХ-ны гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн Төрийн бодлогын түвшинд шинэ стратеги, бодлого хэрэгтэйг тэмдэглээд эмэгтэйчүүд, хүүхдийн эрх гэж ярьдаг шиг ахмадын асуудал орхигдох ёсгүйг анхааруулав. Тэрбээр мөн “Тэтгэврийн зээлийг бүрмөсөн болиулах ёстой. Арилжааны банкууд л ашиг олоод, ахмадууд хохирдог байж болохгүй. Онцгой тохиолдол гарсан үед тэтгэврээ урьдчилгаа хэлбэрээр авдаг болох нь зөв. Үүнийг анхаарч үзэж улстөрийн шийдэл гаргаач гэж хүсье” гэв. П.Бямбацэрэн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой байр сууриа илэрхийлэв.
МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Төмөр-Очир “Хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна эрчүүдийн эрх зөрчигдөж байгаа тал бий. Үүнд яам анхаарлаа хандуулна биз” гээд тэтгэвэрт гарах бэлтгэл зайлшгүй хэрэгтэй бөгөөд Япон улсын жишээнээс суралцах хэрэгтэйг онцолсон юм.
Сайд Х.Булгантуяа МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн тавьсан саналыг тусгаж авч байгаагаа илэрхийлээд цаашид нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэлээ.
Д.Лхагва