Ахмад настны тухай болон Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд ахмад настнуудын саналыг сонсох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монголын ахмадын холбоо /МАхХ/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-наас хамтран зохион байгуулсан уг уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХНХЯ-ны газар, хэлстийн дарга нар оролцож хуулийн төслийн талаар танилцуулга хийж, ахмадуудын асуултад хариулж харилцан ярилцлаа.
МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар уулзалт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төмөр хэмээгч усан туулай жилд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” сэдэвт ахмад настны Үндэсний чуулган болж өндөрлөсөн. Тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож ахмад настны талаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ. Мөн МАхХ-ны ээлжит 8 дугаар Их хурал хуралдаж ахмадын байгууллагуудын ойрын жилүүдийн зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрхэм хүндэт ахмадуудаа, УИХ, Засгийн газраас 2022-2023 онд та бидний тэтгэврийн хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч олон жилийн турш ужиг болон яригдаж байсан тэтгэврийн зөрүү, хэт ялгааг үндсэнд нь арилгаж, тэтгэврийн доод хэмжээ 350.000 байсныг 550.000 төгрөгт хүргэж, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулан энэ оны 4 дүгээр сарын 1-нээс тэтгэврийг дахин 100.000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас олон зуун тэрбум төгрөг зарцуулах арга хэмжээ авсанд нийт ахмадуудын өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэхүү томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын танхим, УИХ-ын гишүүдэд ойлгуулан хууль тогтоомж батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, амжилтад хүрсэн Х.Булгантуяа сайдад зориуд талархал илэрхийлж, амжилт хүсье.
Ахмад настны Үндэсний чуулганаас УИХ, Засгийн газар, төр захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийнхэнд хандаж ахмад настны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэл өгч, Зөвлөмж-баримт бичиг гаргасны зэрэгцээ тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ ахмад настныг өндөр настан, хөгширсөн хүмүүс, тэжээлгэх ёстой гэдэг ойлголт, хэллэгээс татгалзаж, харин манлайлагч, тэргүүлэгч гэж үзэж ахмадуудын ажил амьдралын баялаг туршлага, мэдлэг чадварыг ашиглан хөдөлмөр эхлэх боломжоор хангах, Шинэ сэргэлтийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд ахмадуудыг идэвхтэй оролцуулахад уриалсныг нийт ахмадууд өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан билээ. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх талаар идэвхтэй ажил зохион байгуулж эхэлж байгаад баяртай байна. Ерөнхий сайд ахмад настны өмнө тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлаар суурь судалгаа, дүгнэлт хийж Ахмадын настны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн орчныг нь шинэчлэх, салбар дундын уялдааг хангаж сайжруулах цогц бодлого гаргаж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн, МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд, сайд Х.Булгантуяа болон МАхХ-ны Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гаргасан билээ. Улмаар уг асуудлаар санал дүгнэлт гарган үзэл баримтлал боловсруулан өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байна. МАхХ-ны судалгаагаар нийт ахмад настны 67,5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, дадлага туршлагаараа цаашид ажиллах боломжтой байгаа юм. Иймд ахмадын хөдөлмөр эрхэлтийг дэмжих бодлогыг шинэ шатанд гаргах, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх Засгийн газрын бодлоготой уялдуулах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулан идэвхтэй ажиллаж байна. Эрхэм хүндэт ахмадуудаа, ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, хуулийн шинэчлэлтийг танилцуулах энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь олон талын ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа уулзалт хэлэлцүүлэг дээр хэлсэн үгэндээ шинийн 8-ны энэхүү билэгт сайн өдөр нийслэлийн 9 дүүргийн 400 гаруй ахмад настнууд хүрэлцэн ирж уулзалт хэлэлцүүлэгт оролцож байгаад талархал илэрхийлээд “Тэтгэвэр аваад зүгээр сууя гэхээсээ хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд олон байгаад өндөр сэтгэгдэлтэй байна” гэв. Мөн “Өнөөдөр Монголын нийт хүн амын 13 хувийг ахмад настнууд эзэлж байгаа. Насжилт уртасч байгаатай холбоотойгоор цаашид ахмад настны тоо 20 хувьд хүрэх төлөвтэй байна” хэмээн тэмдэглээд тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийн талаар, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцууллаа.
Сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа 90 гаруй жилийн түүхтэй Монголын ахмадын холбоог түшиглэж ажиллаж, улмаар өнөөдөр хэлэлцүүлэг хийж байна” гэдгийг хэлсэн үгэндээ тодотгов.
Уулзалт хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, хуульч Н.Энхбат нар оролцож хуулийн төслийн талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт оролцсон ахмадын төлөөллөөс санал бодлоо хэлж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал, СХД-ийн 19 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Ц.Ядамсүрэн эмийн чанар болон үнэ өндөр байгаа асуудалд төр засаг анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ. Тэрбээр мөн хийдгээ хийж, бүтээн байгуулж ирсэн өндөр настнууд гавьяагаа үнэлүүлж чадахгүй байгаад онцгой анхаарахыг хүсэв. Мөн шинийн 8-ны билэгт сайн өдөр Гандантэгчинлэн хийдийг зорьж засал номоо хийлгүүлэх ажлаа хойшлуулаад уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүмүүс ч байв. Мөн ахмадын орон сууцны асуудлыг хэд хэдэн ахмад настан хөндсөн. Сайд Х.Булгантуяа санал бодлоо хэлж, ахмадуудын асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг эмийн чанарын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байгааг хэлэв.