Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлийг танилцуулах мэдээллийн өдөрлөгт Баянзүрх дүүргийн 600 гаруй иргэн хамрагдлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам , БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу 2024 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 02 дугаар сарын 26-29-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас санаачилсан мэдээллийн өдөрлөг өнөөдөр /2024 оны 02 дугаар сарын 16/ Баянзүрх дүүргийн “Жанжин” клубт боллоо. 600 гаруй иргэн оролцсон тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнууд болон иргэд хамрагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь “И Пи Эс” төвийн захирал И Сын Жэ нар БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөмж өглөө. Өмнөх жилүүдэд зөвхөн аж үйлдвэрийн салбарт гэрээт ажилтан авч байсан бол энэ жил Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, үйлчилгээ 1, үйлчилгээ 2 гэсэн таван салбарт нийт 4261 иргэнийг сонгон шалгаруулж авна. Ингэхдээ аж үйлдвэрийн салбарт 8000 иргэнийг бүртгэж 2939, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 5300 иргэнийг бүртгэж 590, барилгын салбарт 2500 иргэнийг бүртгэж 250, үйлчилгээ 1 салбарт 200 иргэн бүртгэж 10 , үйлчилгээ 2 салбарт 4000 иргэн бүртгэж, 472 гэрээт ажилтныг тус тус сонгон шалгаруулах квотыг ирүүлсэн байна. Тиймээс бүртгэлд хамрагдах иргэд өөрийн сонирхсон зөвхөн нэг салбарыг сонгох сонголтоо сайн хийхийг холбогдох албаны хүмүүс тодотгов. Тус мэдээллийн өдөрлөгийг ХХҮЕГ-аас бусад дүүргийн иргэд, олон нийтэд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.