Шинэ Зеландад нэг удаагийн электрон тамхи худалдахыг хориглож, 18-аас доош насныханд уг бүтээгдэхүүнийг зардаг жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдаатай холбоотой зохицуулалтыг сайжруулна гэдгээ тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдэгдлээ.
Ирээдүй хойч үеийнхэнд тамхи худалдахыг хориглосон дэлхийд анхных гэгдэх хуулийн төслийг засгийн газар эргүүлэн татах болсноор ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэхдээ Засгийн газар тамхидалтыг бууруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд электрон тамхитай холбоотой нэмэлт зохицуулалтуудыг багтаасан өөр арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамны дэд сайд Кейси Костелло хэлэхдээ, электрон тамхи татах нь тамхидалтын түвшнийг мэдэгдэхүйцээр бууруулахад нөлөөлсөн хэдий ч өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа нь эцэг эх, багш нар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн санааг зовоож байна гэлээ.
Шинэ дүрэм журмын дагуу 18-аас доош насны хүмүүст электрон тамхи зарсан жижиглэн худалдаачдад ногдуулах торгуулийн хэмжээ нэмэгдэж, жижиглэн худалдаачдын лицензийг нарийвчлан шалгаж, цаашдаа нэг удаагийн электрон тамхийг хориглох ажээ.
“Эвслийн Засгийн газар залуучуудын дунд дэлгэрээд буй электрон тамхидалтыг бууруулах, 2025 он гэхэд өдөр тутам тамхи татдаг хүмүүсийн тоог хүн амын 5-аас доош хувьд хүргэж бууруулахыг зорьж байна” гэж К.Костелло ярилаа гэж Ройтерс мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.