Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент /Фолькетинг/ дэмжсэнгүй. Уг баримт бичгийг батлахыг гишүүдийн 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжсэн бол хоёр гишүүн түдгэлзсэн гэж Данийн парламентын цахим хуудсанд мэдээлжээ.
Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр өргөн барьжээ. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдэхдээ, “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн байна. “Бид энэ тогтоолыг дэмжих боломжгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа” гэж тэрбээр хэлжээ.
Үүний сацуу Норвег, Испани, Ирланд улсууд өчигдөр Палестиныг тусгаар улсаар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр өдрийн өмнө Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде албан ёсоор хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан баримт бичгийг Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Мустафатай Брюссельд уулзах үеэрээ гардуулжээ. “Хэрэв бусад орон Норвегийн жишээг дагавал эл шийдвэр нь Ойрх Дорнодын байдлыг тайван замаар зохицуулах хүчин чармайлтад томоохон түлхэц өгч чадна” гэж Эспен Барт Эйде хэлсэн байна.
Харин Израил улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Герман улсын хувьд одоогоор Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Палестиныг дангаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.