Манхэттэний тангарагтны шүүх Дональд Трампыг насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлөхдөө санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг нийт 34 зүйл ангиар гэм буруутай гэж үзлээ. Энэ нь ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.
Шүүгч Хуан Мерчан ял оноох шүүх хуралдааныг ирэх долоодугаар сарын 11-ний өдөр товложээ. Д.Трампт ямар ял шийтгэл оногдуулах нь шүүгчийн шийдвэрээс хамаарах бөгөөд шоронд хорих эсвэл тэнсэн харгалзах ялаар шийтгэж магадгүй юм.
Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн шударга байдлыг алдагдуулахын тулд хуйвалдаан зохион байгуулсан, насанд хүрэгчдийн киноны жүжигчинд өгсөн мөнгөө нуун дарагдуулсан гэж буруутгажээ.
Ерөнхийлөгч асан эсвэл ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа хүн эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй юм. Гэхдээ 2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай байгаа Д.Трамп сонгуульд өрсөлдөх боломжтой хэвээр байна.
Д.Трампын хувьд тангарагтны шүүхийн шийдвэрийг “гутамшиг” гэж нэрлээд, ирэх 11 дүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “жинхэнэ шүүхийн шийдвэр” гарах болно гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ “би өрсөлдөгчөө зөвхөн санал хураалтын дүнгээр ялна” гэсэн байна гэж CNN мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.