1992 оны зургадугаар сард болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авч тасархай ялалт байгуулав. Харин Монголын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй), Нэгдсэн Нам (С.Зоригийн үүсгэн байгуулсан), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (Да. Ганболдын)-ын эвсэл ердөө дөрөвхөн суудал авч бараа сураггүй ялагдаж билээ. Хэдийгээр 1990-1992 онд эвслийн Засгийн газар байгуулагдаж МАН-ын Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар, ардчилсан хүчнээс Да.Ганболд Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжав Шадар сайдаар ажилласан ч ард түмэн хоёр жилийн дараа ардчилагчдаас нүүр буруулсан юм. Үүнээс сургамж авсан ардчиллын төлөө хэмээн гарч ирсэн намууд нэгдэж нийлэх арга замыг сонгож эхлэв. Улмаар МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулж анхны даргаараа Ц.Элбэгдоржийг сонгож билээ. Зүгээр ч нэг сонгох биш, нийт улс орныг хамарсан арга хэмжээ болсон.
МҮАН 1996 оны УИХ-ын сонгуульд Р.Гончигдорж, Баабар нарын МСДН-тай хамтарч оролцохоор тохирч “Ардчилсан холбоо” эвсэл байгууллаа. Тэд өөртөө итгэлтэй, харьцангуй шинэлэг, өвөрмөц (давшингуй) тактикаар сонгуульд оролцож УИХ-д 50 суудал авах нь тэр. Засгийн газраа дангаараа байгуулах бүрэн боломж ийнхүү бүрдлээ. Ерөнхий сайдаар М.Энхсайхан томилогдож, “Ардчилсан холбоо” эвслийн сонгуулиар дэвшүүлсэн “Таны итгэл-Битгий зүтгэл” амлалтыг хэрэгжүүлэх хүндхэн даалгавар хүлээсэн юм. Тэр маш богино хугацаанд либераль реформ хийхээр яарлаа. Юуны түрүүнд суурь үнийг чөлөөлж, өмч хувьчлалыг эрчимжүүлэхээр бэлтгэлгүй, цочир гэмээр арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхлэв. Улсын үйлдвэрийн дарга, захирлуудыг халж, дараа нь банк руу “довтоллоо”. Сөрөг хүчин ч зүгээр байсангүй зарим хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр эрх баригчдын нэр хүндийг нийгэмд богино хугацаанд савлуулахаар сэхээ өгөлгүй дайрч эхлэв. Мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, төсвийн орлого тасарч, ард иргэдийн цалин тэтгэвэр цагтаа буухаа болив. Нийгмийн бухимдал мэдэгдэхүйц нэмэгдлээ. Ийм эмзэг үед Ерөнхий сайд М. Энхсайхан ард иргэдэд хандаж “Тайван амгалан байцгаа. Бүсээ чангал. 18 сарын дараа тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ” гэсэн утга бүхий мэдэгдэл хийлээ. Гэхдээ түүний энэ яриа асуудлыг шийдэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын бодлогыг хоёрдугаарт тавьж, орхигдуулж эхэлсэн нь ард иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болсон юм.
Үүнээс болоод “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд унаж, дээр нь эрх баригчид хоорондоо ам хэлээ олохоо больж эхэлсэн нь мэдрэгдэж байлаа. Эвслийн шийдвэр гаргах түвшний гол тоглогчид болон М.Энхсайхан нарын хооронд зөрчил үүссэн гэсэн үг. Энэ үл ойлголцол явсаар байгаад 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газраа огцруулахад хүргэх нь тэр. Үнэндээ сөрөг хүчин болох МАН гэхээсээ “Ардчилсан холбоо” эвсэл өөрсдөө засгаа огцруулсан гэвэл үнэнд нийцнэ. Энэ үйл явц болохоос хэдхэн хоногийн өмнө М.Энхсайхан “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар намайг огцрохыг шаардаж, үүнийгээ МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийн оролдож байна” хэмээн гомдоллосон ч тусыг эс олсон юм. Хэдийгээр түүний халааг Ц.Элбэгдорж авсан ч Засгийн газар нь ердөө гуравхан сар л насалж билээ. АХ эвслийн хоёрдахь Засгийн газар унасны дараа тэд гуравдахь танхимаа байгуулах гэж их зүдэрсэн дээ. Ц.Элбэгдорж огцорсны дараа Да.Ганболдыг Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь “хар тамга” дарж (тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөс “виз” аваагүй бол УИХ-д орох хууль эрхзүйн боломжгүй байв) байлаа. Удаа ч үгүй С.Зориг хэрцгийгээр алагдлаа.
“Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд нийгэмд улам унаж эхлэв. Хамгийн гол нь тухайн үед ардчилсан хүчин түүхэн боломжоо ашиглаж чадаагүй бөгөөд, гол буруутан нь сөрөг хүчин гэхээсээ өөрсдөд нь байсан юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүй, үзэл бодлын нэг шугаман дээр гарч ирж чадаагүй нь зорилго, бодлого, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байсан гэдэг. Үүнээсээ болоод 1996-2000 оны хооронд эрх барих хугацаандаа дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, улмаар 2000 оны сонгуулиар ард түмнээс арай ядан ганцхан суудал чангааж билээ. “Ердөө дөрөвхөн жилийн өмнө парламентад 50 суудал авч байсан нам дараагийн сонгуулиар ердөө нэг суудал авна гэдэг дэндүү харамсалтай бөгөөд хариуцлагагүй хэрэг” хэмээн гишүүд, дэмжигчдээсээ зэмлэл хүлээж байлаа. Ямар ч байсан тус тусдаа явж хүчээ тарамдуулах биш нэгдэж нийлэх нь хамгийн зөв гарц гэж харснаар ардчиллын төлөөх намуудын нэг гэрт орох үйл явц шуурхай өрнөсөн юм. Улмаар 2000 оны 12 дугаар сарын 6-нд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Шашинтны Ардчилсан Нам, Сэргэн Мандлын Нам, Монголын Социал-Демократ нам зэрэг зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны даргаараа Д.Дорлигжавыг сонгож билээ. Хэдийгээр нэгдсэн том улстөрийн хүчин мэндэлсэн ч ардчилсан хүчний зовлон үүгээр дууссангүй. Бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь үе үе фракц хэлбэрээр хүчтэй илэрч, тэр хэмжээгээр АН-ын дотоод эв нэгдэл нь ганхаж байлаа. 2004 оны сонгуульд АН-ыг М.Энхсайхан тэргүүлж оролцсон ч “Алтан гадас” фракцийн лидерийн нэг болох Р.Гончигдоржтой сонгууль хаяанд ирэн иртэл тэрсэлдсэн юм. Улмаар энэ хагарал “Эх орон-Ардчилал” эвслийг задралд хүргэсэн тамга тэмдгээ булаалдсан “зодооноор” төгсч билээ.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН дотор хямрал бодитой оршсоор байлаа. Хэдийгээр М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон ч нам доторх зарим бүлэглэл нь түүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй талаар одоо ч яриа байдаг гэсэн. Иймэрхүү хүйтэн хөндий хуваагдмал хандлага нь 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг огцрох үед нийгэмд бүр хүчтэй мэдрэгдэж билээ. Тухайн үед намаасаа хөөгдөх нь хөөгдөж, нам байгуулах нь байгуулж, өөр намд орох нь орсон юм даг.
Энэ намын үзэл бодол, эрх ашгийн хуваагдмал байдал 2014 оны 12 дугаар сард З.Энхболдыг АН-ын дарга болсны дараа ч үргэлжилсэн. З.Энхболд тамгаа авангуутаа хамгийн түрүүнд АН-ыг фракцгүй нам болсныг зарласны цаана нэг талаас намынхаа бодлого шийдвэрийг нэгтгэх, хүчээ тарамдуулж өмнөх алдаагаа давтахгүй байх зорилго оршиж байгаа нь хэнд ч ойлгомжтой байв. Гэхдээ намын даргын лүндэн буулгаснаар өнөөх фракцууд нь тарж бутарна гэдэг юу л бол. Үзэл бодлын зөрүүг үг хэл, үзэгний үзүүр шийднэ гэж үү? Тэр ч утгаараа фракцууд нь тодорхой эрх ашиг дээр төвлөрдөг учраас ил, далд уулзаж, наймаа тохироогоо хийсээр л байх нь дэндүү тодорхой. З.Энхболд өөрөө “Манай нам олон намаас бүрдсэн болохоор үзэл бодлын зөрүү байдаг” гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь харвал тэр өөр, өөр үзэл бодлыг механикаар хориглоод амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой баймаар. АН-ын хуваагдмал шинж, дотоод үл ойлголцол нь С.Эрдэнийг намын дарга болсноос хойш улам даамжирсан. Тэр хүн эв эеийг хичээж, олон ургальч үзлийг дээдлэх биш дарангуйлагч шиг аашилж байна гэдэг шүүмжийг өөр бусад улстөрийн хүчнээс биш намынхаа нөхдөөс мөн ч их сонсч байна. Ялангуяа АН-ыг залуу гишүүдээс бүрдсэн “Шинэчлэл” хөдөлгөөнийхөн 2019 оны 10 дугаар сарын 23-нд сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийх үеэрээ “С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигээр нь авсан нь үнэн биз дээ. Хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг авсан нь ч үнэн. Энэ хулгай биш үү?” гэгчлэн хатуухан үгийг харамгүй дайсан юм. Тэдний гол зорилго ерөөсөө АН-ын ээлжит бус Онц их хурлыг яаралтай зарлан хуралдуулж, намын даргаа сольж, АН-д өргөн хүрээтэй шинэчлэл хийхэд оршиж байгаа нь илэрхий болсон асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг идэвхтэй сөхөж, намынхаа бодлогыг, намынхаа даргыг шүүмжлэхээр цагдаа, шүүхэд өгдөг байдал нь шинэчлэлийн залуусын дургүйцлийг ихээр төрүүлээд байгаа билээ. Юутай ч ардчиллын 30 жилийн ойг АН өнөөх л хуваагдмал, үл ойлголцлын манан дундаа угтан, “тэмдэглэсэн”. Цааш цаашдаа энэ намд ямар хөдөлгөөн орж, АН гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэхийг харах л үлдлээ.
Нэгэн цагт намдаа нөлөө бүхий байр суурьтай явсан Лу.Болд, Ж.Батзандан нар туурга тусгаарлаж, ШИНЭ нам гээчийг байгуулсан нь АН-ын задралын бодит жишээ, дөнгөж эхлэл нь байж тун магадгүй. Гэхдээ тэд сайн дураараа салж нүүгээгүй намынхаа шахалт хавчилтаар өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Давтан хэлэхэд Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөсөн нь АН-ын задралыг эхлэлийг тавьсан. Цаашид ч энэ намд нэлээд томоохон хагарал, хуваагдал үүсэх нь тодорхой боллоо. Нэгэн цагт энэ намыг толгойлж явсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад төрөлх намынхаа гишүүнчлэлийг сэргээсэнгүй. Сэргээсэнгүй ч гэж дээ, түүнд санаа байсан ч нам нь хүлээж аваагүй ч байж мэднэ. Хэдийгээр Ц.Элбэгдорж саяхан хилийн чинадаас “Парламент” телевизэд өгсөн ярилцлагадаа өөрөө намын гишүүнчлэлээ сэргээхийг хүсээгүй гэж мэдэгдсэн ч түүнийг хэд хэдэн асуудал дээр шалгах хууль эрхзүйн шаардлага үүсээд байгаагаас нам нь нүүр бууруулах болсон байж тун магадгүй. З.Энхболд АН-ын даргын Зөвлөхөөр очсон болохоор Ц.Элбэгдоржийн хувьд энэ намын үүд хаалга хаалттай гэсэн үг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа 2019 оны 6 дугаар сарын 26-нд АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирэнгүүтээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдүүлэг өгөхдөө УИХ-ын дарга байсан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар мэдэж байсан гэж ярьсан юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-д хэлэлгүйгээр авчихсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй ээ. Байхгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэхгүй авсан нь буруу. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаад байгаа гэнэ. Та ирж мэдүүлгээ өгөөрэй” хэмээн мэдэгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Ингэж ярьж байсан хүн эрэн сурвалжлагдаж байгаа нөхрийг эгнээндээ авах уу? АН-д нэлээд байр суурьтай Ц.Элбэгдоржийг өмгөөлөн хамгаалагч хүмүүсийн хувьд намынхаа удирдлагуудтай гар, сэтгэл нийлж ажиллахад тийм ч амаргүй байх болов уу. Зарим нэг нь өөр сонголт хийгээд намаасаа нүүр буруулах нь бараг тодорхой. Сонгуулийн өмнө үү, хойно уу гэдэг л асуудал бий.
2008 оны сонгуулийн дараа АН-ын даргаар сонгогдoж байсан Н.Алтанхуягийг ч саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намын нууц ноёнтон гэж ярьж бичиж байна. Ц.Элбэгдоржийн хонгилыг “илчилсэн” түүнийг С.Эрдэнийн тушаалаар АН-аас хөөсөн нь зарим гишүүд дэмжигчдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн юм билээ. Мань эр өөрөө “Эд нар намайг хөөнө гэж юу байдаг юм” гэж гүрийсэн ч АН-аас албан ёсоор өрх тусгаарлахаар зэхэж байх магадлал өндөр. Түүнийг дагаад намирчах хүмүүс тийм ч цөөн биш болов уу. Хэрэв Н.Алтанхуяг өөр нам байгуулаад зүтгэчихвэл АН-ын “хундаамнаас” нэг том тоосго суга үсэрлээ л гэсэн үг.
Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл бол нэгэн цагт АН-д том байр суурьтай явсан улстөрч. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж байгаа түүний хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хамгийн гол нь Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэвлэлээр байнга гөвж, Төрийн тэрүүний нэр төрд халдсан хэргээр нэг биш удаа шүүхээр шийтгүүлсэн нь АН доторх байр суурийг нь ганхуулах эрсдэлтэй. Яагаад гэвэл Х.Баттулгын баруун гарын хүн АН-ын даргын Ахлах зөвлөхөөр очоод байна шүү дээ. Гэхдээ Э.Бат-Үүл гандан бууралгүй Гэр хорооллын хөгжлийн намаа тордоод явчихаж мэднэ. Энэ нь АН-д мэдээж хохиролтой. Ингээд бодохоор АН хэл ам татаж, хэрэг төвөгт холбогдсон хуучин бууны хугархайнуудаасаа салах бодлого барьж байгаа нь тодорхой байна. Тэгж байж шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж бодоод байна. Гэхдээ энэ нь тус намыг улстөрийн хүчний хувьд задралд хүргэх үйл явц юм.
Д.Лхагвадорж. 2020 он.