Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Парис хотноо бямба гарагт төрийн зочны хувиар хүлээн авч уулзлаа. Талууд Елисейн ордонд хоёр талын хэлэлцээ хийв.
Францад таван өдрийн айлчлал хийж буй Ж.Байден Парист лхагва гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд пүрэв гарагт Нормандийн эрэгт холбоотны цэргүүд буусны 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцсон юм.
Хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден Израилын цэргийн ажиллагааны үеэр Газын зурваст Палестины зэвсэгт дайчдын барьцаанд байсан дөрвөн иргэнийг сулласанд баяртай байгаагаа илэрхийлж, бүх барьцааны хүмүүсийг суллаж, гал зогсоох тохиролцоонд хүртэл ажиллахаа амлажээ.
Э.Макроны хувьд, Ойрх Дорнодын мөргөлдөөнийг өргөжүүлэхгүйн тулд Франц, АНУ хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гээд, ялангуяа Израил болон “Хезболла”-гийн хоорондох хурцадмал байдлыг намжаах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Ж.Байден Вашингтоны зүгээс Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Франц, АНУ болон барууны бусад орнууд Европын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх ёстой гэж Э.Макрон хэлэв.
Францын засгийн газрын мэдээлснээр, төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт Италийн Бари хотод болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт, ирэх долоодугаар сард АНУ-ын нийслэлд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар мөн хэлэлцсэн байна.
АНУ, Францын Ерөнхийлөгч нар баасан гарагт Парист Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй тус тусдаа уулзсан бөгөөд хэн хэн нь Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ нотолжээ. Ташрамд дурдахад, Ж.Байден Э.Макроныг 2022 онд Вашингтонд төрийн зочны хувиар хүлээн авч уулзаж байв.