СОНГОГЧИЙН ҮГ: Би таван хүүхэдтэй. Бүгдээрээ хичээл сурлага, сахилга сайтай. Том маань өнгөрсөн жил элсэлтийн шалгалт өгч нэгэн улсын их сургуульд орсон юм. Гэтэл төлбөрийн асуудлаас болоод жилийн чөлөө авахаас аргагүйд хүрсэн. Төлбөрөө төлөхгүй бол хичээл сонгох эрхгүй харгис гэмээр тогтолцоотой болохоор ядарсан бидэнд маш хэцүү туссан. Миний охин маш их идэвх чармайлттай, зорилготой хүүхэд. Дээд мэргэжил эзэмшиж, ээжийгээ, дүү нараа өөд нь татна гэж ярьдаг боловч манай гэрийн эдийн засгийн боломжоос болоод суралцах боломжгүй болсонд үнэхээр их харамсч байна. Мөнгөтэй айлын хүүхдүүд Монголоо голоод гадаадын их дээд сургуульд явдаг. Гэхдээ тэдэнтэй харьцуулбал охин маань үнэхээр идэвх чармайлттай, улс орноо гэсэн сэтгэлтэй хүүхэд. Мөнгөө төлж чадах нь их дээд сургуульд орох ёстой гэдэг зэрлэг капиталист сэтгэлгээтэй хүмүүст, улстөрчдөд, улстөрийн намд маш их дургүйцэж байгаагаа иргэнийхээ хувьд илэрхийлмээр байна. Яагаад зөвхөн боломжтой айлын хүүхдүүд дээд мэргэжил эзэмших ёстой гэж?! Ийм мулгуу бодолтой байж таарахгүй! Зорилготой хүүхдүүдийн ирээдүйг хайрлаж, дэмжээч ээ! Оюуны өндөр чадамжтай, суралцах чин эрмэлзлэлтэй хэрнээ сургалтын төлбөрт баригдаад хүссэн мэргэжлээрээ суралцаж чадахгүй байгаа тэр хөөрхий залууст боломж олгох төр засаг хэрэгтэй. Ядаж сургалтын төлбөрийг жил болгон нэмдэггүй баймаар байна. Миний охин одоо ажил хийж байгаа. Сургалтын төлбөрөө олох л зорилготой. Гэхдээ хэцүү шүү дээ. Энэ удаагийн сонгуульд эгэл түмэндээ ээлтэй, боловсролын салбарт уян хатан бодлого хэрэгжүүлж чадах тийм л нам, тийм л ухаалаг, чадвартай хүмүүсийг сонгоосой гэж ард түмэндээ уриалах байна.
БЗД-ийн иргэн Б.Жавзандулам